Түүхийн талаарх сургалтыг тогтмолжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Монголчууд бид яагаад түүхээ судлах ёстой вэ” лекцийг энэ сарын 18-н буюу Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын өдөр зохион явууллаа.
Төрийн тусгай чиг үүрэг бүхий хууль, хүчний байгууллага зохион байгуулсан тус лекцийг Монголчуудын цахим түүх хэмээх сонсдог номын цомгийг бүтээсэн, Монголын түүхийн шинжлэх ухааны доктор, түүхч Д.Өлзийбаатар уншсан байна. Лекцэнд Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр анги, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын хэлтэс, Шүүх, Прокурор, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хамрагджээ.
Монголын түүхийн шинжлэх ухааны доктор, түүхч Д.Өлзийбаатар Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд эх орноороо бахархах, эх түүхээ дээдлэн шүтэхийн их гал байнга дүрэлзэн бадарч байдаг бөгөөд эх түүхээсээ суралцах, цаашид хэрхэн оршихоо санаж сэрэхэд чухал ач холбогдолтойг онцолж байсан. Тэрээр Монгол улсын 300 гаруй жилийн туршид хамаарагдах мартаж үл болох үйл явдлуудыг чухалчлан, олон олон чухал зангилаа асуудал болон үйл явдлын гаргалгааг дэлгэн ярьсан байна.
Залууст орныхоо аугаа түүхээр бахархаж, улмаар эх түүхээ гүнзгийрүүлэн судлах санаа бодлыг суулгах үүднээс монголын түүхийн талаар дээрх лекцийг цаашид ч үргэлжлүүлэх талаар албаныхан хэлж байсан.
Б.Мөнхзул