Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд тэргүүн туршлагаасаа хуваалцав
ФОТО МЭДЭЭГовь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар хамтран Сургуулийн өмнөх боловсролын “Шинэ санаа-Тэргүүн туршлага” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөг нь Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхэд бүрийг хөгжүүлж буй багш нарын тэргүүн туршлага, арга зүй, технологийг түгээн дэлгэрүүлэх, шинэ санаа, шилдэг арга зүй, туршлагын технологийн сан бүрдүүлэх, оюуны өмчийн эрх авахад туслах, тэргүүн туршлагын эмхтгэл гаргах зорилготой юм.
Өдөрлөгт тус аймгийн 18 сум, хоёр тосгоны нийт 29 цэцэрлэг оролцож, цэцэрлэг бүр тэргүүн туршлагаа сурталчилж, үзэл баримтлал, сургалтын хөтөлбөрийн сэдвийн хүрээнд сургалтын хэрэглэгдэхүүнээр бүтээлийн үзэсгэлэн дэлгэсэн юм.
Шинэ санаа, тэргүүн туршлагыг удирдамжид заасан үзүүлэлтүүдээр дүгнэсний дагуу тэргүүн байрт Дэлгэр сумын цэцэрлэг шалгарав.