Хужирт суманд нэгдсэн цэвэрлэх байгууламж барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-29 11:47:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 19 дүгээр тогтоолоор Хужирт сумын “Хужиртын рашаан шавар болон цэвэрлэх байгууламжийн талаар авах арга хэмжээ”-ний тухай баталж, холбогдох газруудад үүрэг даалгавар өгсөн байдаг.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж, тогтоолын хэрэгжилттэй танилцлаа. Харин цэвэрлэх байгууламж барих ажил урагштай байна.

БХБЯ-ны Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн L3388-MON төслийн санхүүжилтээр тус суманд ариутгах татуургын систем ба цэвэрлэх байгууламжийг барихаар ТЭЗҮ-ийг боловсруулаад буй аж. Мөн Байгаль орчны төлөв байдлын судалгаа, нарийвчилсан үнэлгээ хийж, ажлын зураг батлагдах шатандаа байгаа юм.

Шинэ цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 310 м3 бохир ус цэвэршүүлэх ба ахуйн бохир ус дамжуулах шугам сүлжээний нийт урт 2660 метр байхаар тооцжээ.

Тус суманд рашаан шавар ашиглаж буй сувиллын газруудаар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэнээс хуучин цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больж, хэвийн ажиллагаа нь алдагдсанаар рашаан сувиллаас гарч байгаа бохир ус гадагшаа хальж урсаад Хужирт гол руу нийлдэг болсоор хэдэн жил болж буй.

Хужирт сумын дөрвөн сувиллын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулах нөлөөллийн байдалд аймгийн МХГ-аас хамтарсан хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчилд үндэслэн тус бүр 3000,0 мянган төгрөгөөр торгожээ.




相关新闻