Япон Улсын тусламжаар Өлгий сумын дөрөвдүгээр сургуульд их засвар хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газраас хөгжиж
буй орнуудын олон талын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор хэрэгжүүлдэг "Өвсний
үндэс" хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий
боловсролын дөрөвдүгээр сургуулийн хичээлийн байранд их засвар хийхээр болжээ.
Уг асуудлаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Япон
Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масаота Такаока нар
энэ сарын 27-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Гэрээний нийт үнийн дүн 79456 америк доллар буюу өнөөдрийн ханшаар 210 орчим сая төгрөг бөгөөд
сургуулийн хичээлийн байрны хаалга, цонх, гэрэлтүүлэг, сантехникийн шугам
сүлжээг солих, дотор болон гадна талыг засварлана.
Засварын ажил ирэх зургадугаар сард эхэлж
хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусах ажээ.