Б.Төгөлдөр: ЖДҮ-ийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд ЕСБХБ 300 сая еврогийн зээл олгож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Европын
Сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) Улаанбаатар
хотын Захирагчийн ажлын алба хамтран өнөөдөр “Блү скай” зочид буудалд “Монгол
Улсын өргөн хэрэглээний барааны салбарын хөгжлийг дэмжих нь” семинар зохион
байгууллаа.
Тус семинар нь Европын
холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангаас манай улсад 2016 оноос хэрэгжүүлж буй
“ЖДҮ-ийн бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэх замаар Монгол Улсын
эдийн засгийн төрлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд болж буй бөгөөд хөтөлбөрт
төрөл бүрийн салбарын бичил, жижиг болон дунд, хувийн хэвшлийн ААН-үүд
хамрагдах боломжтойг ЕСБХБ-ны үйлдвэрлэл, үйлчилгээны салбар хариуцсан тэргүүлэх ажилтан Б.Төгөлдөр мэдэгдэв. Мөн энд ЕСБХБ-аас 90 сая орчим ам.долларын
зээл олгож байна. Энэ талаар Б.Төгөлдөрөөс тодруулав.
-ЕСБХБ Монголын бизнес эрхлэгчдийг ямар хэлбэрээр,
хэрхэн дэмжиж байна вэ?
-Юуны өмнө, бид ЖДҮ
эрхлэгчдэд зориулсан ложистикийн менежментийн хөгжлийг дэмжих чиглэлээр зөвлөмж
өгөх семинарыг Европын холбоотой хамтран зохион байгуулж байна. Манай
банкны хувьд бизнес эрхлэгчдийг дэмжиж, урт хугацааны зээл олгодог. Мөн
санхүүжилтийн бусад хэлбэрээр хөрөнгө оруулан хамтран ажиллаж байна.
-ЕСБХБ-наас зээл
авахад бизнес эрхлэгчид ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Манайх тухайн ААН-ийн ажлын туршлага, санхүүгийн чадамж, үзүүлэлтийг буюу тогтмол мөнгөн урсгалыг нь голлон харж зээл олгодог. Үйл ажиллагааны ашиг нь тодорхой түвшинд хүрсэн байх шаардлагатай. Нэг ёсондоо тухайн компанийн хүү, татварын элэгдлийн өмнөх ашиг нь нэг тэрбум төгрөг байлаа гэхэд авах зээлийн хэмжээ гурван тэрбум хэтрэхгүй байх юм.
Зээлийг бид евро болон
ам.доллароор шууд болон арилжааны банкаар дамжуулан өгч байна. Энд ХААН
болон ХАС банк, “Транскапитал” ББСБ-тай хамтран ажиллаж байна. Манайх өөрөө шууд
зээл олгох нөхцөлд тухайн компани санхүүгийн тайлангаа олон улсын нягтлан бодох
бүртгэлийн стандартад нийцүүлэн аудитаар баталгаажуулсан байхыг шаарддаг. Нарийн
судалдаг учир нэлээд удаж байж олгодог. Харин арилжааны банкуудаар дамжуулан
олгоход зээл түргэн гарч байгаа. Өнөөдөр гэхэд ложистикийн чиглэлээр семинар
хийж байхад ачаа түгээх машин авах, салбар байгуулах, барилга байгууламж агуулах
барихад зээл олгох, хөрөнгө оруулах талаар ярьж, энэ талын
төсөл хөтөлбөрөө танилцуулдаг” гэв.
ЕСБХБ “ЖДҮ-ийн бизнесийн
санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг
дэмжих” хөтөлбөрийн хүрээнд манай улсын 100-гаад ААН-д зээл
олгоод байна. Тус банк нэг саяас 300 сая еврогийн зээлийг жилийн 5-7 хувийн
хүүтэйгээр, мөн 5-7 жилийн хугацаатай олгож байна.
“ЖДҮ-ийн бизнесийн
санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх” хөтөлбөрт оролцсон ЖДҮ-ийн 70 хувь нь
зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлснээр борлуулалтаа нэг дахин нэмэгдүүлсэн
байна. 74 компанид 534 ажлын байр бий болсныг өнөөдрийн семинарын үеэр мэдээлж байв.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр