Англи хэлний төрөлжсөн олимпиад боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-аас англи хэлний төрөлжсөн олимпиадыг энэ сарын 26-ны өдөр гурван төрлөөр зохион байгуулж, дүнгээ гаргалаа.
Олимпиадад ерөнхий боловсролын 26 сургуулиас 50 сурагч, 26 багш оролцож, мэдлэг, чадвараа шалгуулсан юм. “Өвөрхангай аймагт багш, сурагчдын гадаад хэл сурах түвшинг сайжруулах зорилгоор клубын сургалтууд явуулж байгаа. Мөн гадаадаас сайн дурын мэргэжилтнүүд ирж боловсролын салбарт ажилладаг” хэмээн аймгийн БСУГ-ын Гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн С.Мөнхзул хэлэв.
Олимпиадад 9 дүгээр ангийн сурагчдаас Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Ц.Оюунсүрэн, 12 дугаар ангийн сурагчдаас Хархорин сумын Ерөнхий боловсролын Орхон сургуулийн сурагч Ү.Ган-Эрдэнэ, багш нараас Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш Г.Оюу-Эрдэнэ нар тус тус тэргүүн байр эзэллээ.
Сурагчдын хэлний авъяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор аймгийн БСУГ-аас англи хэлний төрөлжсөн олимпиадыг жил бүр зохион байгуулдаг аж.