Арвайхээрт хаус хороолол сүндэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-27 10:24:07

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд 182 айлын хаус хороолол барих төсөл хэрэгжиж эхэллээ.

Амины орон сууцны хороололд таван төрлийн загвартай хаус барихаар төлөвлөсөн бөгөөд сууцны талбайн хэмжээ нь 63.8 - 101.8 м.кв, өмчлөлийн газрын хэмжээ нь 260.0 - 675.5 м.кв талбайтай байх бол хорооллын инженерийн шугам сүлжээг аймгаас шийдвэрлэх аж.

Иргэдэд газар олгохдоо өмчлөлийн газрын хэмжээнээс хамаарч 9.5 сая, 14.5 сая гэсэн хоёр үнэлгээг тогтоосон байна. Энэ тухай мэдээллийг аймгийн Засаг дарга Г.Ганболд иргэдэд танилцуулав. Иргэдэд орон нутагтаа тав тухтай, тохилог орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд амины орон сууцны хорооллыг бий болгохоор зорьж байгааг тэрбээр дурьдаж, дээрх үнэлгээ нь бодит зардлаас гурав дахин бага болохыг хэлэв.

Учир нь иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй байх үүднээс газрын үнэлгээг тогтоож өгсөн гэнэ. Харин иргэд худалдаж авсан газартаа 2019 ондоо багтааж, нэгдсэн загварын дагуу өөрийн сууцаа барих шаардлагыг тавьж байгаа юм.

Газар олгохдоо иргэдэд тавьж байгаа гол шаардлага нь хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх, өөрийн сууцаа зураг төсөвт заасан загвар, хэмжээгээр нь барьж, 2019 онд багтаан ашиглалтад оруулахыг заажээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 18 дугаар тогтоолоор Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсийн амины орон сууцны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэг бүхий “ХАУС хороолол” төслийн нэгжийг “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-ын дэргэд байгуулжээ.

Төслийн нэгж нь иргэдэд газар олгох, хэмжих, барилгын суурийн улаан шугам тавих, барилгыг зураг төсвийн дагуу баригдаж буй эсэх барилгын хэлбэр хийц, өнгө дизайн, инженерийн шугам сүжээний техникийн нөхцөлд хяналт тавьж ажиллана.

相关新闻