Есөнзүйлийн 60 гаруй малчин бусад аймаг, суманд оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-26 11:55:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил Есөнзүйл суманд 792 өрхийн 204699 толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүнтэй байснаас 731 өрхийн 175319 толгой мал хаваржиж байна.
Тахилгын 1-р багт хаваржилтын нөхцөл байдал муудсанаас шалтгаалж, 180 өрхийн 60 гаруй мянган мал бусад багийн нутаг болон Баян-Өндөр, Өлзийт, Сант суманд оторлож байгаа юм. Мөн Булган аймгийн Дашинчилэн, Рашаант, Төв аймгийн Эрдэнсант суманд 35 өрхийн 16993 толгой мал, Чилэнгийн бүс нутагт 17 өрхийн 7419 толгой мал, өөрийн аймаг Хархорин, бүрд, Бат-Өлзий, Баянгол, Баян-Өндөр, Өлзийт суманд 9 өрхийн 4968 толгой мал отроор хаваржиж байна.
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг сумын хэмжээнд 80,3 хувиар хангаж ажилласан бөгөөд сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 50 тн, тэжээл 40 тн нөөцөлснөөс 20 тн өвсийг малчдад хүргүүлж, одоо 30 тонн өвс, 40 тонн тэжээлийн нөөцтэй байгаа аж.
"Сумын нийт бэлчээрийн талбайн 70 хувьд үлийн цагаан огтоно тархсан нь бэлчээр талхлагдаж, ургамлын гарцад сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсч байна. Энэ нь хаваржилтад хүндрэл учруулж болзошгүй" хэмээн сумын удирдлагууд хэлж байв.

相关新闻