Залуу яруу найрагчид франц, англи хэлээр шүлгээ уншив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-22 18:08:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн яруу найргийн өдрийг “Cosy club”-д болсон үдшийн яруу найргийн уншлагаар өндөрлөлөө. Шинэ үеийн яруу найрагчдын зохион байгуулсан үдэшлэгт залуу яруу найрагч Б.Алтанхуяг, Ц.Дэлгэрмаа, Я.Баяраа, У.Бямбаням нар оролцож, эх хэлээрээ төдийгүй англи,  франц хэлээр шүлгээ уншсан нь шүлэг бичих сонирхолтой залууст  ур чадвараа  дээшлүүлэх "хичээл болов" гэж утга зохиол шүүмжлэгчид онцлов. 

Залуу  яруу найрагч Б.Алтанхуяг  2017 онд “Шувуудын гүн ухаан” нэртэй номоо олны хүртээл болгож байсан бол Я.Баяраа 2016 онд “Таслал” бүтээлээрээ “Алтан өд” шагналын эзэн болсон юм. Харин У.Бямбанямын хувьд их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлийг судлан, бүтээл гаргахаар ажиллаж байна.

Улаанбаатар хотод хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар ховор ч  “Cosy club”-д  Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан шүлэг найргийн үдшийн цэнгүүнийг ийнхүү анх удаа хийсэн нь талархал хүлээсэн байна.


相关新闻