Монголын медалийн буухиаг Т.Балданхайням хүү үргэлжлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тусгай олимпийн зуны 15 дугаар наадам АНЭУ-ын Абу Даби хотноо болж байна. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн сурагч Т.Балданхайням Жүдогийн -73 кг жингийн дээд ангилалд барилдаж, олимпын мөнгөн медаль хүртлээ.
Т.Балданхайням нь 2015 оноос эхлэн
Тусгай олимпийн спортын уралдаан, тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 2016
онд Хонконгт болсон Зүүн Азийн тусгай олимпод оролцон хөнгөн атлетикийн
төрлөөр тэргүүлж, алтан медалийн эзэн болсон юм. Энэхүү амжилт нь бүтэн өнчин
хүүд маш их урам зориг өгч, үзэл бодол, амьдралыг нь эрс өөрчилжээ. Сургуулийнхаа
тэргүүний сурагчаар шалгарсан хүү одоогоор
хөнгөн атлетик, сагсан бөмбөг, жудо, бочигийн спортоор хичээллэж байна.
Дээрх наадамд 190 орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас 28 тамирчин оролцож байгаагаас одоогоор 11 медальтан тодроод байна.