ХК, ТӨХК-иудыг гадны хөрөнгийн биржид бүртгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-21 09:39:04

Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)​-ын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Монгол Улсын Хөрөнгийн зах зээлийн чадавхийг сайжруулах" төслийн удирдах зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 15-нд боллоо.

Тус хурлаар өнгөрсөн оны 11 дүгээр сараас энэ оны 2 дугаар сард төслөөс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэл хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлав. Төслийн багийнхан ойрын хугацаанд "Хувьцааг олон нийтэд санал болгох болон давхар бүртгэл" сургалт, өөрийгөө зохицуулах байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэх зорилгоор Японы өөрийгөө зохицуулах байгууллагын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах айлчлалыг зохион байгуулахаар боллоо.  Мөн МХБ-д бүртгэлтэй ХК, ТӨХК-уудыг гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зэрэг ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөгөөндөө тусгасан байна.

Төслийн удирдах зөвлөлийн хуралд ЖАЙКА-ын Аж үйлдвэрийн хөгжил, нийгмийн бодлогын газрын ахлах зөвлөх Жиро Цунода, Монгол дах суурин төлөөлөгч Мицуми Сато болон Хорооны удирдлагууд оролцлоо.

相关新闻