Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг 12-р сард ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг.
Харин 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг дараа жил нь буюу 2024-2025 оны өвөл нөхөж чадсан. Энэхүү хэрэглээг нөхөхөд Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц голлох үүргийг гүйцэтгэсэн байдаг.
Нийслэл анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүнээс 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулснаар 150 МВт хүчин чадалтай станцыг 2024 оны 10 дугаар сард ашиглалтад оруулж, 12 дугаар сард төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон юм. Тус станцын ачаалал наймдугаар сарын байдлаар хоногт дунджаар 140 МВт орчим байсан байна. Харин төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсоноос хойш өнөөдрийг хүртэл 600 сая квт.цаг эрчим хүч нийлүүлжээ.
Тэгвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийн барилга угсралтын ажил 12 дугаар сарын 5-нд дуусгахаар төлөвлөж, ажлын явц төлөвлөгөөний дагуу хоцрогдолгүй явааг албаныхан мэдээлэв. Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших цахилгаан станцыг дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөжээ.