Монгол цэргийн баяр угтсан цуврал тэмцээнд ХЦ-ийн 0243-р анги тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-18 17:44:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн баярыг Сэлэнгэ аймагт өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Баярын үйл ажиллагаа өглөө 11.00 цагаас Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын баярын жагсаалаар эхэлж, тус байгууллагуудын дунд зохион байгуулсан цуврал тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаагаар үргэлжиллээ.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион явуулсан сагс болон гар бөмбөг, тэргүүний дууч, жагсаалч салаа, ПМ, АКМ буудлага, футзал, марш тактикийн тусгай бэлтгэлийн цуврал тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр ХЦ-ийн 0243-р анги тэргүүлж, шилжин явах цом хүртлээ. Удаах байруудад Сэлэнгэ аймгийн ОБГ-ын баг тамирчид, ХЦ-ийн 0101-р ангийн баг тамирчид тус тус шалгарч мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Энэ жилийн тэмцээний нэг онцлог нь буудлагын тэмцээнд анх удаа орон нутгаас баг оролцуулсан явдал гэнэ. Мөн марш тактикийн тэмцээний хувьд жил жилийнхээс илүүтэйгээр хийх ажлын хүрээ, эр цэргийн гүйцэтгэх үүрэг даалгаврууд нэмэгдэж, нэлээд хүнд болсон хэмээн аймгийн ЗДТГ-ын ЦШ-ын дарга, дэд хурандаа Б.Энхболд ярилаа.

Баяр ёслолын үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, ахмад дайчид, чөлөөнд гарсан бэлтгэл офицерүүд оролцож, Сүхбаатар сум дахь жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөснөөр өндөрлөлөө. 

相关新闻