Орон нутгийн төсвөөр спортын заалыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит Спортын ордны дэргэд Олон улсын стандартад нийцсэн бэлтгэлийн заалыг барьж ашиглалтад орууллаа.
Өсвөрийн
тамирчдыг бэлтгэх, спортын шигшээ багийг дэмжих зорилгоор 33х24 харьцаатай
заалыг "Навтгархайрхан" ХХК орон нутгийн төсвөөр хийж гүйцэтгэжээ.
Заалны нээлтийн үйл ажиллагаа өнгөрөгч амралтын өдөр /2019.03.10/ болсон ба аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлсэн үгэндээ “Бид алдар цуутай тамирчдынхаа залгамж халааг бэлтгэх, олимпийн спортын төрлүүдийг хөгжүүлэх, тамирчдаа бэлтгэл хийх таатай орчин нөхцөлөөр хангах үүднээс тус спорт заалыг барьсан” хэмээн онцоллоо.
Хүүхэд, залуучууд, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, олон нийтийн дунд биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд аймаг, орон нутгаас онцгой анхаарч өнгөрөгч 2018 онд Арвайхээр суманд 3 спорт заалыг шинээр барьж, ашиглалтад оруулаад байна.