Сургуулиудад өсвөрийн сэргийлэгчид үүрэг гүйцэтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг
дахь Цагдаагийн газар "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын орон нутгийн
хөтөлбөртэй хамтран "Өсвөрийн сэргийлэгч бүлгэм"-ийг байгуулж, өнөөдөр
тангараг өргүүллээ.
Уг үйл ажиллагаа нь хүүхэд хүүхдэд нөлөөлөх,
хамгаалах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Бүлгэмд Өлгий сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль тус бүрээс 8-10 хүүхэд, нийтдээ 50 хүүхэд элссэн байна. Тус ажилд зориулж "Дэлхийн зөн" олон
улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөрөөс хоёр сая төгрөгийн санхүүгийн
дэмжлэг үзүүлсэн бөгөөд хантааз, малгай, шүгэл зэрэг эд зүйлсээр
хангажээ. Мөн бүлгэмийн гишүүдийг холбогдох сургалтуудад тогтмол хамруулж,
мэдээллээр хангахаар болжээ.
"Өсвөрийн сэргийлэгч бүлгэм"-ийн гишүүд
өөрсдийн сургуульд ээлжээр эргүүлд гарч, сурагчдын эрх зүйн мэдлэгийг
дээшлүүлэх, гэмт хэрэгт өртөж хохирохоос хамгаалах чиглэлээр үйл
ажиллагаа явуулна. Тус бүлгэмийг цаашид хувийн хэвшлийн болон хөдөө сумдын
сургуулиудад нэмж байгуулахаа зохион байгуулагчид илэрхийлээд байна.