Цахим тоглоомын газруудын хөдөлмөрийн нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар
Цагдаагийн газартай хамтран аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг таван цахим
тоглоомын газрын үйл ажиллагаанд энэ сарын 12-ны өдөр шалгалт хийжээ.
Тус шалгалт нь хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, цахим тоглоомд донтохоос
урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын улсын байцаагч Х.Алиягийн
тайлбарласнаар шалгалтын явцад цахим тоглоомын газрууд цагийн хуваариа
баримталж байгаа боловч ажиллах дотоод
журам, үйлчилгээний үнийн тариф, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх анхааруулга
бүхий самбар байршуулаагүй, агааржуулалт, гэрэлтүүлэг муу, үйлчилгээний орчин
нь хүүхэд тогонд цохиулах, бэртэж гэмтэх эрсдэлтэй буюу ажлын байрны
хөдөлмөрийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, интернэтийн үйлчилгээ
давхар явуулдгаас хүүхүүдэд элдэв төрлийн мэдээллийг ямар ч цензургүйгээр хүлээн авах боломжийг бүрдүүлсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.
Тийм учраас шалгалтад хамарсан цахим тоглоомын газруудад илэрсэн зөрчлүүдийг
14 хоногийн дотор арилгах зөвлөмж хүргүүлэхээр бэлдэж байгааг тэрээр хэллээ.
Хэрвээ эрх бүхий байгууллагаас өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд үйл
ажиллагааг нь зогсоох, зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүртэл арга хэмжээ авах
ажээ.