Баян-Өлгий аймаг дахь орос хэлний төв үр дүнтэй ажиллаж байгааг сайшаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-13 14:56:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Россотрудничество агентлагийн  Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Татьяна Будаева Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн Баян-Өлгий аймаг дахь "Мир друзей" салбарын захирал Х.Жулдызыг энэ сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо хүлээн авч уулзжээ.

Тэрээр 2017 онд Өлгий хотноо байгуулсан Орос хэлний төвийн салбарын өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажлуудын талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцжээ.

Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх Орос хэлний төвийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Х.Жулдыз тус төвийн суралцагчид энэ жилийн орос хэлний баруун бүсийн олимпиадад эхний гурван байрт, улсын төрөлжсөн олимпиадад хоёрдугаар байрт шалгарсныг дуулгаж, Горно-Алтайскийн улсын их сургуультай хамтран орос хэлний онлайн олимпиад явуулах,  долоо хоног бүр Өлгий хотын сургуулиудын сурагчдад орос хэлний хичээл заах, ОХУ-ын их, дээд сургуулиудад элсэх хүсэлтэй хүүхдүүдийг шалгалтад бэлтгэх зэрэг арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байгаа, мөн ирэх зун 20 багш, 25 сурагчийг ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад зуны сургалт, амралтад явуулахаар бэлтгэж байгааг тус тус танилцуулсан байна.     

Татьяна Будаева хэлсэн үгэндээ, ирэх 10 дугаар сард Өлгий хотноо зохион байгуулах Орос хэлний өдрийн үйл ажиллагааны талаар аймгийн Засаг даргад мэдээлэл хүргэх, бэлтгэл ажлыг хангах, үйл ажиллагаанд Зөвлөлт болон ОХУ-ын их, дээд сургууль төгсөгчдийг идэвхтэй хамруулахыг хүсжээ. Мөн тус аймаг дахь салбарын үйл ажиллагаа өргөжин бусад салбартай харьцуулахад илүү үр дүнтэй ажиллаж байгааг сайшааж, цаашид дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна. 

相关新闻