"Хоггүй Өлгий" нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-12 15:20:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 114 тоот тогтоолоор жил бүрийн гурав, 10 дугаар сард "Хоггүй Өлгий" нийтийн их цэвэрлэгээний ажлыг уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу казах түмний "Наурыз" баярыг угтан Өлгий хотын эргэн тойронд энэ сарын 15-ны өдөр цэвэрлэгээ хийхээр болжээ.

Уг асуудлаар Өлгий сумын Хот тохижуулах албанаас тодруулахад: "Энэ удаагийн их цэвэрлэгээнд 100 орчим албан байгууллагын ажилтан албан хаагч, иргэд оролцоно. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Өлгий сумын ЗДТГ-аас аймгийн төв орох зургаан чиглэлд цэвэрлэгээ хийх газрын масштаб, хуваарилалтыг одоогоос таван жилийн өмнө гаргаж, байгууллагуудад хариуцуулсан байгаа. Тухайн байгууллагууд хуваарьт газартаа жил бүр цэвэрлэгээ хийж хэвшиж байна. Мөн цуглуулсан хогоо зориулалтын  цэгт ачиж хүргэх ажлыг давхар хариуцна" гэлээ.

"Хоггүй Өлгий" нийтийн их цэвэрлэгээний ажилд аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн ЗДТГ хяналт тавьж ажиллах аж. 

相关新闻