Эрүүл мэндийн байгууллага сурагчдын эрүүл мэндэд анхааран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтэд тус аймгийн хүүхдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлэн нэгдэн оролцов.
Хүүхдүүд бөмбөртэй жагсаж энэ оныг “Инээмсэглэл-эерэг хандлага”, “Хүүхэд хамгаалал, өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон ажиллаж эрүүл мэндийн байгууллага сурагчдын эрүүл мэндэд анхааран ажиллах болсонд талархал илэрхийлж байлаа. Мөн хүүхэд бүр өрх гэртээ аз жаргалтай амьдарья, хүүхэд хамгаалал нь бид нарын үндсэн эрхийн нэг нь, “Инээмсэглэл-эерэг хандлага”, "Хүүхэд хамгаалал, өрхийн хөгжлийг дэмжихэд бүгдээрээ нэгдэцгээе" гэсэн уриаг хэлж урлагийн тоглолт үзүүлэв.
Энэ үеэр Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч А.Ундармаа аймгийн хүүхэд өсвөр үеийнхнийг төлөөлөн үг хэлэв. Тэрбээр "Хүүхэд өсвөр үеийнхэн харьцангуй эрүүл боловч бие махбодь сэтгэлзүйн өсөлт хөгжилт, нийгмийн харилцааны өөрчлөлтүүдтэй уялдан тулгамдсан олон асуудалд өртөж байдаг. Иймээс бидэнд хамгаалал, дэмжлэг, зөвлөгөө авах гэх мэт олон хэрэгцээ шаардагдсаар байна. Бидний асуудлыг ойлгож “Хүүхэд хамгаалал-өрхийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж үйл ажиллагааг эхлүүлж байгаад талархаж, аймгийн хэмжээний хүүхэд өсвөр үеийнхний өмнөөс амжилт хүсч хамтран оролцохоо илэрхийлж байлаа.