Баян-Өлгийн хөдөө аж ахуйн ажилтнууд зөвлөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ХХААГ-аас хөдөө аж ахуйн ажилтнуудын зөвлөгөөнийг өнөөдөр Өлгий хотноо зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд сумдын ЗДТГ-ын Хөдөө
аж ахуйн тасгийн ажилтнууд, малчид, тариаланчид, үржлийн үйлчилгээний эзэд
оролцож байгаа бөгөөд тухайн салбарын 2018 оны ажлын үр дүн, 2019 онд дэвшүүлэх
зорилт, мал аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал, гамшгаас сэргийлэх арга зам, арьс
шир, малын удам зүйн бүртгэл, өрхийн тариалан, бэлчээр ашиглалтын талаар
холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийж хэлэлцүүлэх аж.
"Өнөөдөр мал сүргийн тоо өссөн, малчдын
орлого нэмэгдсэн зэрэг эерэг үр дүн гарч, хөдөө аж ахуйн салбар аймгийн
дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг бүрдүүлж байгаа. Гэхдээ зах зээл
дээр ааруул, шар тосны үнэ 20 мянгад хүрсэн нь хангамж бага байгаатай холбоотой. Манай аймагт малын гаралтай
түүхий эд, сүү, цагаан идээгээ боловсруулж, шошготой, савлагаатай бүтээгдэхүүн
гаргах боломжтой. Цаашид энэ асуудлыг бодлогоор дэмжин ажиллана" гэдгийг
аймгийн Засаг дарга А.Гылымхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
2019 онд тус аймгийн тариаланчид 1580
га-д тариалалт хийж, аймгийн төмсний нийт хэрэгцээний 80 хувь, хүнсний ногооны
22 хувийг дотооддоо хангахыг зорьж байна. Мөн өрхийн тариалалтыг нэмэгдүүлэх,
Сагсай, Цэнгэл, Алтанцөгц, Улаанхус суманд малын тэжээл тариалах, хаврыг гарз багатай даван туулах, малын үүлдэр угсааг сайжруулах, хөдөө аж ахуйн
үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр салбарын түвшинд ямар бодлого
баримтлан ажиллахаа өнөөдөр тодорхойлохоо аймгийн Хүнс, хөдөө аж
ахуйн газрын дарга Б.Нургулан илэрхийллээ.
Хөдөө аж ахуйн ажилтнуудын зөвлөгөөн
маргааш өндөрлөнө.