Сумынхаа хөгжлийг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-01 21:57:29

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын удирдлагууд сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, иргэдийн эрэлт хэрэгцээнд чиглэсэн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшилд адил тэгш боломж олгох, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой “Хөгжлийн төлөө түншлэл” бизнес чуулга уулзалтыг 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулжээ.  

Чуулга уулзалтад суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн 150 гаруй төлөөлөл, мөн 39 аж ахуйн нэгж, нэг өрхийн үйлдвэрлэгч оролцсон байна. Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн санал санаачилгаараа сумын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх, орчны тохижилтыг нэмэгдүүлэх, төр төсвийн байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр 22 төсөл хөтөлбөрийн 271 сая 600 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр сумын Засаг даргатайгаа хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Тодруулбал Ерөө сумын Бугант тосгонд модны мэргэжлийн байгууллагууд 50 сая төгрөгөөр ЭМТ-ийн цусны шижилгээний аппарат, чулуутын хэсэгт гүүр, 19-р цэцэрлэгийн хөгжил төсөл, ЕБС-д хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Мөн “Толгойтын гол ХХК-ийн зүгээс ЕБС-ийн цэвэр усны сав, “Жинжий майнинг ХХК сургуулийн ширээ солих, Капитал сервис ХХК Чулуутын хэсэгт тоглоомын талбай, Ди Зет Энд Ай ХХК  чөлөөт бөхийн багш, дасгалжуулагчын нэг жилийн цалин, Баяжмал алт ХХК Гүний худаг барьж байгуулахаар болжээ. Эдгээр бүтээн байгуулалтуудын ажлыг нийт 94300000 төгрөгөөр хийхээр болсон аж. Мөн чуулганы үеэр суманд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарч, сумандаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ иргэддээ бэлэг барьжээ. 

相关新闻