“Эх орончдын өдөр” баярын үйл ажиллагаанд Буриад улсын Хиагтын аймгийн ахмадын төлөөлөл оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-01 22:24:05

Сэлэнгэ аймагт тэмдэглэж байгаа “Эх орончдын өдөр” баярын үйл ажиллагаанд хөрш ОХУ-ны Буриад улсын Хиагтын аймгийн Ахмадын хорооны дарга ЦР Очиров, Хиагт хотын ахмадын хорооны ТР Ростиславна, Хиагт хотын Цэргийн болон хүчний байгууллагуудын ахмадын хорооны тэргүүн ГА Петрович, Хиагтын аймгийн ЗДТГ-ын Ахмадын асуудал хариуцсан мэрэгжилтэн БМ Викторовна нар Сэлэнгэ аймгийн ахмадын хорооны урилгаар оролцлоо.

Хөрш аймгийн ахмадын байгууллагын төлөөлөгчид “Эх орончдын өдөр”-т зориулан их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцсон юм. Мөн тэд зөвхөн баярын үйл ажиллагаанд оролцоод зогсохгүй хоёр аймгийн Ахмадын хороодын хамтын ажиллагааны гэрээг тодотгож, Сэлэнгэ, Хиагт аймгийн хооронд хэрэгжүүлж буй ахмадуудынхаа ажил үйлс болон 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдийн чиглэлээр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаатай уулзаж, санал бодлоо солилцжээ. Энэ үеэр Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотын Багануур, Баянгол дүүргийн Ахмадын хорооноос Хиагтын районы ахмадын байгууллагатай хамтран ажиллах саналыг зочдод дамжуулж, урьдчилан тохиролцсон байна. 

相关新闻