Хотон нууранд живсэн машиныг эрэн хайх ажиллагаа амжилтгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-01 19:58:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэн Б  фургон маркийн авто машинаар тус сумын Арал толгой гэдэг газар Хотон нуурын дээгүүр зорчиж явахдаа мөс цөмөрч тээврийн хэрэгсэл нь живсэн хэрэг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гарсан билээ. Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан эрэн хайх ажиллагааг тухайн үед зохион байгуулаагүй аж.

Харин Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар тус тээврийн хэрэгслийг эрэн хайх ажиллагааг өнгөрсөн долоо хоногт гурван өдрийн турш явуулсан ч амжилтгүй болсон байна.

Уг ажиллагаанд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Б.Батбилэг, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, ахлах ахлагч Ч.Анхбаяр нараар ахлуулсан аврагчид, Хилийн цэргийн 0165 дугаар ангийн хоёрдугаар дугаар заставын алба хаагчид болон орон нутгийн иргэдээс бүрдсэн 24 хүн оролцжээ.

Ажиллагааны үеэр аврагчид 43 метрийн гүнд хоёр удаа шумбалт хийж 10 метрийн радиусаар эрлийн ажиллагаа явуулсан ч тээврийн хэрэгсэл нь анх живсэн гэх газарт байхгүй болох нь тогтоогджээ. Учир нь тухайн нуур доороо урсгалтай, авто машин дотор хөвөх чанар бүхий эд зүйлс байсан учир урсгалд цохигдон доошоо урссан байх магадлалтай хэмээн эрлийн ажиллагааг зогсоосон байна.  

相关新闻