Алтай Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн ёслолын товыг тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар тус аймгийн
Цэнгэл, Улаанхус сумдын заагт орших Алтай Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн
ёслолын товыг тогтоох асуудлыг хэлэлцэж, тус арга хэмжээг ирэх наймдугаар сарын
гуравны өдөр зохион байгуулахаар тогтжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 181 тоот
зарлигаар дээрх уулыг төрийн тахилгатай уул хайрханы жагсаалтад оруулж,
тэнгэрийг тайх ёслолыг таван жилд нэг удаа зохион байгуулж байхаар заасан юм. Улмаар
анхны төрийн ёслолыг 2014 оны 7 дугаар сарын гуравны өдөр зохион байгуулж,
тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төр засгийн төлөөлөгчид оролцож
байв.
Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь
Монгол Улсын хамгийн өндөр уул бөгөөд хамгийн өндөр цэг болох Хүйтэн оргил нь
далайн түвшингээс 4374 метр өндөрт оршдог. Потанин, Александр, Гранегийн нэрээр
нэрлэгдсэн томоохон мөсөн голуудтай, Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Оргил
зэрэг таван үндсэн оргилтой, Монгол орны дээвэр хэмээн алдаршсан уг уулыг үзэж
сонирхохоор жил бүр гадаад, дотоодын олон мянган жуулчин тус нутгийг зорин
ирдэг юм.