Шар усны үер, ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-28 21:51:08

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан гол мөрний мөс нимгэрэх, шар усны үер ажиглагдах, хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймэр гарах эрсдэл ихэсч байгаа тул ард иргэд сонор сэрэмжтэй байхыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа.

Иймээс мөсөн замаар тээвэр хийхийг бүр мөсөн хориглох, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө зэрэг томоохон гол, мөрөн болон бусад голын сав дагуу нутаглаж байгаа иргэд, малчид голоор гарахдаа зориулалтын гүүр ашиглах, тогтсон гармаар болгоомжтой гарахыг анхаарууллаа. Мөн шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хорогдсон мал амьтны сэг, зэмийг ариутгал, халдваргүйтэл хийн дарж, булшлан халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэн ажиллахыг зөвлөв. Түүнчлэн дээрх шалтгааны улмаас хаврын хуурайшил эрт эхлэх, ой, хээрийн түймрийн эрсдлийг ихээхэн нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа тул цаашид ойд явуулах үйл ажиллагааг хязгаарлах, хуурайшилтын үед иргэн, аж ахуй нэгжүүд ой, хээрт үйл ажиллагаа явуулахдаа / мод бэлтгэл, ойжуулалт, ой аж ахуйн бусад арга хэмжээ/ техник хэрэгслийнхээ яндан, оч баригч зэргийг сайтар шалгаж, галын аюулгүй байдлыг хангуулж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажиллахыг аймгийн ОБГ-аас санууллаа.

相关新闻