Сунгасан гадаад паспорттой иргэнд АНЭУ-д зорчих виз олгохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-02-25 12:46:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сунгасан гадаад паспорттой иргэнд Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-д зорчих виз олгохгүй гэдгийг тус улсын Элчин сайдын яамнаас анхааруулав.

НҮБ-ын дэргэдэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас 2016 онд Паспортод тавигдах стандартын тухай зөвлөмж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хилийн боомтоор зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, терроризмоос урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүн орнуудын хэрэгжүүлэх ажлын тухай тогтоол баталсан. Энэ хүрээнд, гадаад паспортаа сунгуулсан иргэнд АНЭУ-д зорчих виз олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Тиймээс тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийг гадаад паспортоо шинээр захиалахыг ГХЯ-наас зөвлөв.

Өнөөгийн байдлаар, Казахстан, Израил, Өмнөд Африк, Филиппин зэрэг улс сунгалттай паспорттой иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй байгаа юм. Эдгээр орон гадаад паспортыг сүүлийн 10 жилийн дотор авсан байх, паспортын дуусах хугацаа 6 сараас их байх, 2-3 хоосон хуудастай байх зэрэг шаардлага тавьж байгаа аж.

相关新闻