Сурагчид "Хүмүүн бичиг" сониныг ангиараа захиалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий сумын тавдугаар бүрэн дунд сургуулиас энэ жилд нийтдээ
66 сурагч "Хүмүүн бичиг" сониныг захиалснаас 10в ангийн сурагчид ангиараа 28 ширхгийг
захиалжээ.
Тус ангийнхан энэ хичээлийн жилд эрүүл биетэй, эрдэм мэдлэгтэй, эерэг
харилцаатай, эвсэг хамт олон болж төлөвшихийн тулд "Эзэн хичээвэл заяа
хичээнэ" гэсэн уриан дор хичээллэж байгаа аж. Тухайн анги нь сургуулийн
үлгэр жишээч хамт олны нэг бөгөөд нийт 33 сурагчийн найм нь эрэгтэй,
25 нь охид юм.
Ангийн хүүхдүүд зургадугаар ангиасаа номтой нөхөрлөж аймгийн Нийтийн номын
санд тогтмол сууж ном уншиж хэвшсэн бөгөөд номын сангаас явуулсан төрөл бүрийн
уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцдог байна. Мөн 2015-2016 оны аймгийн «Тэргүүний
уншигч» хамт олноор шалгарсан аж.
Тус ангид сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн сурагчид олон бий. Хүүхдүүд сургууль,
аймгийн хэмжээний дугуйлан секцэд идэвхтэй хамрагдаж хичээллэдэг. Үндэсний
бичгийг сурах хандлага, идэвх нь жилээс жилд улам сайжирч байгаа гэнэ. Тухайлбал,
өнгөрсөн онд тус ангийн сурагч Ж.Саяжаныг анги удирдсан багш Х.Салтанат Монгол
бичгийн тэргүүний уншигч шалгаруулах “Үндэсний бичиг соёл” улсын 13 дугаар уралдаанд
өөрөө бэлтгэн оролцуулсан ба "Улсын тэргүүний уншигч"-аар шалгарсан
байна.
Мөн сурагч Х.Алтынай төгөлдөр хуурын төрлөөр улсад нэгдүгээр байр эзэлсэн
ба аймгийн хэмжээний дууны уралдаануудад удаа дараа тэргүүлж, Казахстан Улсын
Алматы хотноо болсон олон улсын дууны уралдаанд тэргүүн байранд шалгарч байжээ.
Өлгий сумын ерөнхий боловсролын тавдугаар бүрэн дунд сургууль нь ЭЕШ-ын
ерөнхий дүнгээр улсын сургуулиудаас аймагтаа долоо дахь жилдээ тэргүүлж байгаа
бөгөөд сурагчид нь үндэсний бичгээ шамдан сурч, төрийнхөө хэлийг төгс эзэмшин
сургуулийнхаа амжилтыг улам бататгах, хүссэн мэргэжлийнхээ эзэн болох зорилт
дэвшүүлжээ.
Анги удирдсан багш Хуан овогтой Салтанат нь монгол хэл, уран зохиолын багш
мэргэжилтэй. Боловсролын салбарт 17 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр сургуулийн
оны аварга багш, Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжлийн оны аварга багш, аймгийн "Оны тэргүүний ажилтан"-аар тус тус шалгарч байжээ. Түүний хувьд үндэсний
бичгийн хичээлийн улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанд гуравдугаар байр,
бэлдсэн сурагчид нь тухайн хичээлээр эхний байруудыг удаа дараа эзэлж байсан
ажээ.
10в ангийнхан цаашид "Хүмүүн бичиг" сониныг тогтмол захиалж, монгол бичгийн
мэдлэгээ дээшлүүлэхэд ашиглахаа илэрхийлээд байна.