Энэ онд Өлгий сумын 7701 иргэнд хүнсний эрхийн бичиг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-19 17:16:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Нийгмийн халамжийн тухай хуульд хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгохоор заасан байдаг. Тухайн онд Өлгий сумын 1410 өрхийн 7701 иргэнд хүнсний эрхийн бичиг олгох бөгөөд энэ сарын 13-ны өдөр холбогдох тендерийг зарласан байна.

Уг ажилд зориулж улсын төсвөөс нэг тэрбум 127,9 сая төгрөг зарцуулах аж.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 32 тоот тушаалаар баталсан "Хүнсний эрхийн бичиг олгох журам"-ын дагуу хүнс тэжээлийн тусламжийг амьжиргааны түвшингээ үнэлүүлж, мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшингийн үнэлгээ нь тухайн онд хүнсний эрхийн бичиг олгохоор Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан босго оноотой тэнцүү буюу түүнээс доогуур өрхийн гишүүн-иргэнд олгох юм.

Тус журмын дагуу энэ онд Баян-Өлгий аймгийн хэмжээнд 2064 өрхийн 7723 насанд хүрсэн иргэн, 7225 хүүхдэд хүнсний эрхийн бичиг олгохоор 2,2 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдан иржээ. Гэвч тооцоолсон хэмжээнээс 300 орчим өрх илүү гарч, энэ хэмжээгээр санхүүжилт дутагдаад байгааг албаны эх сурвалж хэллээ. Эрх бүхий байгууллага уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь хараахан тодорхойгүй байна. 

相关新闻