С.Мөнхзул:Би өөрийн бүтээлдээ хариу нэхдэггүй, өглөгч, багш хүний сэтгэлийг харуулахыг хичээсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-17 19:08:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн-2018“ улсын уралдаанаа энэ жил 22 дахь жилдээ зохион байгуулсанаа. Үндэсний монгол бичгээ өвлөн суралцах, түүнийг төгөлдөр эзэмших хүсэл сонирхлыг бадраах зорилготой зохион байгуулдаг энэхүү Монголын сайхан бичигтэн улсын уралдааны Хичээнгүй бичгийн тѳрѳлд сурагчдын ангилалд тэргүүн шагнал хүртсэн Хөтөл хотын ЕББДС-ийн сурагч С.Мөнхзултай хийсэн ярилцлагаа хүргэе.

-Юуны өмнө энэ эрхэм шагналын эзэн болсонд баяр хүргэе. Мэдээж шагнал бүхэн том урам, хийж бүтээхийн их хөшүүрэг байдаг. Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй энэ том уралдаанд тэргүүлнэ гэдэг амаргүй. Уралдаанд оролцох болсон хийгээд хэрхэн бэлтгэлээ базаасан талаараа яриагаа эхлэх үү?

-Баярлалаа. Тийм шүү. Оролцсон тэмцээн болгоноосоо би урам зориг авч байдаг. Мөн энэхүү уралдаан нь миний урьд өмнө оролцсон тэмцээнүүдээс хамгийн том нь байсан. Энэ тэмцээнд би хоёр сарын турш бэлдээд амжилттай оролцсондоо баяртай байна. Би өөрий бүтээлдээ хариу нэхдэггүй өгөгч болох багш хүний сэтгэлийг харуулахыг хичээсэн. Мөн энэ бүтээлийн бусдаас ялгарах гол онцлог нь уран тансаг монгол бичгийг өнгө будгаар амилуулсанаараа онцлогтой юм.

-Монгол хүний бахархал болсон босоо монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, сурталчлах энэ үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж яваад талархаж байна. Ер нь монгол бичгээ анх хэнээр заалгаж байв. Аливаа юмыг сурах нэг өөр. Өөрийн болгож эзэмшинэ гэдэг үүнээс илүү зүйл болов уу. Энэ талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?

-Энэ сайхан бичгийг надад анх Хөтөл ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш, мөн Улсын сайхан бичигтэн А.Баянжаргал багш маань зааж байсан. Сурч эхэлсэн үеэсээ л миний хүсэл сонирхлыг маш их татсан. Сурсан зүйлээрээ өөрийн гараар бүтээл туурвих нь надад сурах улам их урам зоргийг өгч намайг зорилготой болгосон. Аливаа юмыг зүгээр сураад өнгөрөх биш илүү хөгжүүлэх үед түүнийхээ жинхэнэ үнэ цэнийг мэдэрдэг гэж би боддог.

-Хөтөлийн сургуулийн хүүхдүүд их авьяастай, монгол хэл бичгийн багш нар тань их бүтээлч, хөдөлмөрч хүмүүс байдаг. Ялангуяа танай Ж.Гэрэлмаа, А.Баянжаргал багш манай “Монцамэ” агентлагийн “Хүмүүн бичиг” сонины газраас зарласан уралдаануудад оролцож удаа дараа түрүүлж байсан мундаг багш нар шүү дээ. Шавийн эрдэм багшаас гэдэг. Ийм хүний шавь нар бас л бүтээлч, хөдөлмөрч, сэтгэл зүтгэлтэй байгаа болов уу гэж бодож байна?

-Манай сургуулийн монгол хэл уран зохиолын багш нар их чадварлаг төдийгүй сурагч хүүхдүүддээ үндэсний гэсэн тодотголтой бүхий л зүйлийг өвлүүлэн үлдээхийг зорьдог.  Бас хөдөлмөр, бүтээлч хүмүүс байдаг. Хүнийг харж, сонсож, сурч буй зүйл нь бий болгодог шиг багш нар маань бидэнд үнэхээр зөв үлгэр жишээ, сайн нөлөөлөгч байж чаддаг.

-Хоёулаа шууд л шагнал яриад эхэлсэн. Одоо өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг С.Мөнхзул гэдэг. Би Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл ЕБС-ийн Ц.Оюүнхүү багштай 11а ангид сурдаг. Анх 2002 оны 3 сарын 8-нд Хөтөл нутагтаа мэндэлсэн. Би аав, ээж, гурван дүүгийн хамт амьдардаг.

-Монгол бичгээр хичээллээд хэр удаж байна?

 -Анх дунд ангид ороод монгол бичгийг сурч эхэлсэн. Одоо тав дахь жилдээ сурч байна. Харин бийрэн бичлэгээр хичээллээд гурван жил болж байгаа.

-Монгол бичиг. Энэ агуу бичгийн онцлог нь юу вэ. Юугаар нь бахархаж, юуг нь хамгийн сайхан гэж омогших вэ?

-Би үндэсний бичгийнхээ дахин давтагдашгүй түүх , зурлагаар нь бахархдаг. Мөн энэ хүмүүн бичгээ бусдад зааж сургаж яваа бүхий л хүмүүсээр бахархдаг. Би ч мөн адил тэдэн шиг байхыг хүсдэг. Энэ бичгийн онцлог нь босоо хэлбэрээр уран тансгаар бичигддэг гэдгээрээ агуу шүү.

-Чи ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

 -Би ирээдүйд уран бичлэг, уран зургийг хослуулан ажилладаг уран бүтээлч болохыг хүсдэг.

 -Танай сургууль болоод анги хамт олон тань монгол бичгийг хэр сайн сурч, эзэмшиж  байна вэ?

-Энэ улсын уралдаанд манай анги хамт олон жил бүр амжилттай оролцсоор ирсэн. Энэ жилийн хувь би өөрөө бие даан оролцсон. Мөн манай сургуулийн "Тэнгэрийн бичиг" бийрэн бичлэгийн дугуйлангийн 7ангийн дүү нар маань ч бас бүтээлээ илгээсэн.

-Энэ уралдаанаас өөр ямар нэгэн уралдаанд эх бичгээрээ оролцож байв уу?

 -Би 2018 оны 11 сард Дархан-Уул аймагт зохиогдсон төвийн бүсийн бийрэн бичлэгийн уралдаанд Сэлэнгэ аймгаа төлөөлөн оролцож тэргүүн байр эзэлж байсан.

-Хичээлээ ямар арга барилаар хийдэг вэ. Бусдаас ялгарах давуу тал нь юу байх бол . . .?

-Би хичээлээ аль болох цаг тухайд нь хийхийг хичээдэг. Бусдаас ялгарах давуу тал маань хичээлээ сонирхолтойгоо хослуулан суралцдаг.

-Нууцгүй бол ирээдүйн мөрөөдөл тань юу вэ?

-Миний ирээдүйн мөрөөдөл бол монгол бичгээ дэлхийд таниулж, мөн олон олон хүүхдийг үүгээр дамжуулан хөгжүүлэхийг хүсдэг. Ирээдүйд энэ бичиг маань крил бичиг шиг хүн болгон хэрэглэдэг болоосой гэж хүсдэг.

-Танай сургуулийн сургалтын арга барил, давуу тал юу вэ. Сургуульдаа хичээлээс гадна хувь хүн талаасаа юуг хамгийн сайн сурч авч байна даа?

-Манай сургууль хүүхэд нэг бүрийн ур чадвар, авьяасыг нээн хөгжүүлж, үр бүтээлтэйгээр суралцах боломжийг олгодог. Миний хувьд хичээлийн бус цагаар уран зургаар түлхүү хичээллэдэг. Мөн аймаг, улсын хэмжээний олон уралдаан тэмцээнд өөрийгөө сорин оролцож амжилт гаргаж байгаа.

-Чиний хичээлийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Миний хичээлийн нэг өдөр өглөө 08 цагаас эхэлж, өдөр 12.30 цагт дуусдаг. Өдөр нь өөрийн мэргэжлийн чиглэлээр сонгон судлах хичээлээ судалдаг. Мөн үүнээс гадна чөлөөт цагаараа бийрэн бичлэг, уран зураг, дуу хөгжмөөр хичээллэдэг.

-Бүх хичээл дээр сайн сурна гэдэг амаргүй. Гэхдээ хүнд өөр өөрийн онцлог бий байх. Тийм үү...? 

-Миний хувьд нэг зүйлийг сураад бусад зүйлээ орхигдуулах нь өрөөсгөл ойлголт гэж үздэг. Миний хувьд хичээл хийх нь миний үүрэг. Тиймээс би сонирхлынхоо хажуугаар энэ үүргээ амжуулахыг хичээдэг. Миний гол онцлог цаг төлөвлөлтийг зөв хийж сурсаных байхаа.

-Гадаад хэл хэр сурч байна. Аль улсын хэлийг сонирхож, хичээллэж байна?  

-Хичээлийн цагаар англи хэлийг сурдаг. Харин бусад цагаар хятад хэлийг бие даан сонирхон суралцаж байаа.

-Чи хэнээс хамгийн их үлгэр дууриал авдаг вэ?

-Шавийн эрдэм багшаас гэдэг шүү дээ. Миний хамгийн их үлгэр дууиалал авдаг хүн бол энэ бичгийг надад зааж сургасан А.Баянжаргал багш маань юм. Мөн надад үргэлж тусалж, дэмждэг гэр бүлээсээ үлгэр жишээ авдаг.

-Ойрын зорилго чинь юу вэ?

 -Мэдээж би ахлах ангийн сурагч , төгсөх дөхсөн учир илүү хичээнгүйлэн суралцаж гадаад улс оронд дээд боловсрол эзэмшин, ихийг мэдэж, түүнийгээ эх орондоо ирээд чадварлаг мэргэжилтэн болохыг зорьж байгаа.

-Төгсгөлд нь үеийнхээ хүүхдүүд хандаад юу гэж хэлэх вэ?

-Үе тэнгийн найз нөхөддөө хандаж хэлэхэд аливаа зүйлийг чин сэтгэлээсээ тууштайгаар шантралгүй хийж чадвал чи заавал түүнийхээ үр өгөөжийг амсах болно. Та бүхэн зорьсон зорилго хүсэлдээ заавал хүрээрэй. Амжилт хүсье.

 

相关新闻