“Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах нь” сэдэвт онол, дадлага хосолсон сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар “Эх, хүүхдийн
эндэгдлийг бууруулах нь” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг аймгийн төв Сүхбаатар хотод зохион
байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Одын зүгээс “Сайн эмч, эмнэлгийн мэргэжилтэн
байхын тулд бид тасралтгүй суралцах ёстой” хэмээн үзэж, дээрх сургалтыг албан
ёсоор явуулж эхэлжээ. Энэ сарын 13-ны өдрөөс
эхэлсэн энэхүү сургалт гурван өдрийн турш үргэлжлэх юм байна. Тус сургалт нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бүртгэлийг шинэчлэх, жирэмсний
хяналтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төрөлт, төрсний дараах үеийн тусламж
үйлчилгээг сайжруулж, эх баригч нарыг чадавхижуулахад гол зорилгоо чиглүүлж байгаа аж.
Дөрвөн ээлжээр зохион байгуулагдаж байгаа эл сургалтын эхний ээлжинд
Хөтөл бүсийн долоон эх баригч хамрагдаж байна. Сургалтад
оролцож буй эх баригч, бага эмч нарт аймгийн Эрүүл мэндийн газар болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд нийт 23 цагийн танхимын
хичээл заах бөгөөд сургалтанд
оролцогчид 10 цагийн оройн дадлагыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн
төрөх, эмэгтэйчүүд, яаралтай тусламжийн тасгуудад тус тус хийх ажээ.