Сэлэнгэ аймаг энэ жил иргэдээ дэмжиж, бүтээн байгуулалтаа нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-13 21:46:46

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2019 оныг “Бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх жил” болгон зарлалаа.

Энэ онд Сэлэнгэ аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 46.7 тэрбум, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 8.0 тэрбум, төсөл хөтөлбөр, сангийн хөрөнгө оруулалтаар 5.9 тэрбум, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 1.9 тэрбум, нийт 62.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Аймгийн удирдлагуудын зүгээс энэхүү зарласан жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажил арга хэмжээний төлөвлөгөөгөө батлан, “Сэлэнгэ Шинэ бүтээн байгуулалт” аймгийн хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байгаа ажээ. Тус аймаг улиран одсон 2018 оныг “Хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх жил”, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс “Хүний нөөцийн удирдлагыг сайжруулж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлаад улс, аймгийн зарласан жилийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжилт үр дүнг нь тооцон ажиллажээ. Энэ ч утгаараа өнгөрсөн онд нийт 153 ажил, төсөл, арга хэмжээг батлан 19.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн байна. Эдгээр ажлуудаас нийгмийн салбарт 8.5 тэрбум, дэд бүтцийн салбарт 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Дээрх ажил арга хэмжээг задлах юм бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 32 ажил 14.2 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 73 ажил 3.0 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 29 ажил 1.7 тэрбум төгрөг, замын сангийн хөрөнгө оруулалтаар 19 ажлыг 0.5 тэрбум төгрөгөөр тус тус хийжээ. Тухайлбал зарласан жилийн ажлын хүрээнд аймагтаа анх удаа “Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулга, уулзалт”-ыг зохион байгуулж, 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж, 14 байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж чадсан байна. Түүнчлэн Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран улсын өмгөөлөгчийн орон тоог нэгээр нэмэгдүүлж, “Иргэдэд үйлчлэх танхим”-ыг ашиглалтад оруулсан нь иргэдэд маш их эрэлттэй ажлын нэг болсон байна. Мөн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран аймгийнхаа бүх сумдад цахим хурлын төхөөрөмжийг суурилуулахад бэлэн болж, тоног төхөөрөмжүүдийг нь хүлээлгэн өгсөн аж. Түүнчлэн Засгийн газраас улсын хэмжээнд зохион байгуулагдсан төрийн байгууллага, албан хаагчдын үйл ажиллагаа мэргэшлийн түвшинг үнэлэх нэгдсэн үзлэг шалгалтанд нийт 45 байгууллага, 807 төрийн жинхэнэ албан хаагч хамрагдаж улсын дунджаас дээгүүр үнэлгээ авчээ. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газар үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг хэрэгжүүлсэн амжилтаа бататгаж, ISO 9001:2015 шинэчлэгдсэн стандартыг амжилттай нэвтрүүлж, гурван жилийн хугацаатайгаар гэрчилгээжсэн зэрэг амжилт дүүрэн ажиллажээ.  

相关新闻