Монголд визгүй зорчих журмыг халлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМХОНКОНГ. /Asiabriefing/. 42 орныг хамарсан визгүй зорчих хөтөлбөрөө Монголын Засгийн газар цуцаллаа. Ингэснээр 2016 онд 42 орны иргэн Монгол руу зорчихдоо тус улсын Гадаад хэргийн яамнаас урьдчилан виз авах шаардлагатай болж байна.
2014 оны зургадугаар сараас 2015 оны 12 дугаар сарын 31 хүртэл 42 орны иргэд Монгол руу визгүй зорчих эрхтэй болсон боловч уг шийдвэрийн хугацааг сунгалгүй буцаад урьдчилан виз авах хөтөлбөрт шилжсэн нь дипломатууд, бизнес эрхлэгчид, жуулчид, ялангуяа, ЕХ-ны иргэдийг ихэд гайхшрууллаа. Монгол руу аялах ЕХ-ны иргэдийн дийлэнхийг тус улсад хөрөнгө оруулалт хийсэн бизнес эрхлэгчид болон жуулчид эзэлж байна. Урьдчилан виз авахад наад зах нь гурван өдөр болох бөгөөд холбогдох баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай.
Доор дурдсан орнуудын иргэд Монгол руу аялахдаа урьдчилан виз авах шаардлагатай: Андорра, Аргентин, Австри, Бахамас, Бельги, Бразил, Болгар, Чили, Коста Рика, Хорват, Кипр, Чех, Дани, Эстони, Финланд, Франц улс, Грек, Гренада, Унгар, Исланд, Ирланд, Итали, Латви, Лихтенштейн, Литва, Люксембург, Мальта, Монако, Нидерланд, Норвеги, Испани, Панам, Польш, Португали, Румын, Словак, Словени, Швед, Швейцарь, Их Британи, Уругвай.
Үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсний улмаас БНХАУ-д нүүрс болон төмрийн хүдрийн борлуулалт зогссон бөгөөд үүнтэй холбоотойгоор хүнд цохилтод ороод байгаа Монголын эдийн засагт, тэр дундаа, тус улсын аялал, жуулчлалын салбар, гадаадын хөрөнгө оруулалтад энэ алхам маш сөргөөр нөлөөлөх юм. Гол төлөв Европын орнууд, ЕХ-ны хүрээн дэх орнуудын иргэд хамрагддаг байсан визгүй зорчих журмыг ямар учраас халсан нь тодорхойгүй байна.
Энэ мэдээлэл гарсны дараагаар жуулчид, бизнес эрхлэгчид нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх цэгээс буцаж байгаа бөгөөд зарим нь Улаанбаатар хотоос хөөрөх нисэх онгоц эсвэл тус улсаар дамжин өнгөрөх Транс-Сибирийн галт тэргэнд сууж чадахгүй байна. Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудалд “МИАТ” компанийн ажилтантай уулзахад тэрбээр, энэ бол “гамшиг”, нислэг болох бүрт олон хүнийг онгоцонд суулгахгүй байх ажилтай болсон гэжээ.
Монгол руу аялах гэж байгаа жуулчин бүр аялахаасаа сарын өмнө тус улс дахь өөрийн орны Элчин сайдын яамтай холбоо тогтоож, визийн тухай нарийн мэдээлэл авахыг зөвлөж байна.
Мөн Монголын Засгийн газрын агентлагууд, Элчин сайдын яамд, цагаачлалын алба, жуулчин хүлээн авах байгууллагууд уг шийдвэрийн талаарх мэдээллийг аваагүй байгаа бөгөөд визгүй зорчих журам хэвээр үргэлжилж байгаа гэсэн мэдээлэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй байх.
Д.Нямтулга