Нулимстай дурсамж, омогшилтой тоглолт

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-30 13:49:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Драмын Эрдмийн Театрт нэрт найруулагч Баярцагааны Баатар агсны мэндэлсний 60 жилийн ойн өдөрт зориулсан "Урлагт үнэн амьдар..." хүндэтгэлийн ёслол  өчигдөр орой боллоо.

Түүний шавь нар санаачлан "Баатар найруулагч сан" байгуулснаа зарлан, зураач, барималч Г.Энхтөрийн бүтээсэн баримал хөшөөнд нь хүндэтгэл илэрхийлж, уран бүтээлийн нь үзэсгэлэнг нээлээ. Хамт ажиллаж байсан уран бүтээлчид үг хэлж найруулагч Б.Баатарыг дурсав.

УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар нулимс дуслуулан байж  "Намайг театрт ажилд ороход Ч.Найдандорж, Б.Мөнхдорж, Б.Баатар гэсэн хэдхэн  том найруулагч  байсан. Эд нар бол хэзээ ч нугаршгүй, мөхөшгүй мөнхийн бурхад. Театр бол тийм амар тайз биш. Энэ бүхэнд хэн нэгэн найруулагч босож ирж, давамгайлж, ялах гэж бүхий л амьдралаа зориулсан. Би дандаа Б.Баатар ах гэж дууддаг. Тандаа мөргөе” хэмээн ёслолыг нээж хэлэв.

“Саяхан шиг санагдана. Г.Доржсамбуу найруулагч тормолзсон алаг нүдтэй жаахан хүүг дагуулан ирж, “Гарваа” жүжгийг энэ хүү найруулна. Энэ хүн бол Киевийн Театр урлагийн дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр төгссөн, чадалтай найруулагч болно. Б.Баатар гэдэг юм гэж бидэнд танилцуулж байсан. Өнөөдөр энэ хамт олны дунд цоройж, үнэхээр цоо шинэ дүр төрхөөр гэрэл цацруулан гарч ирсэн найруулагчаа дурсаж байгаадаа баяртай байна. Б.Баатар найруулагч үзэгчдийн хүлээлтийг, уран бүтээлчдийн итгэлийг эцсийн амьсгалаа дуустал алдалгүй явсанд бахархдаг. Ингэтлээ ажиллана гэдэг бол хүч чадал, оюун ухаан, авьяас билгийг шавхаж, шаардсан хүнд хөдөлмөр байсан. Тийм ч учраас найруулагч маань богино насалсан юм болов уу. Гэвч бүтээл нь мөнх амьдрах настай үлдлээ" гэж Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд дурслаа.

МУУГЗ, найруулагч Н.Найдандорж "Монголын  Драмын театрын түүх бол их буянтай, шалгууртай, өндөр босготой байсан. Цаашдаа ч байх болно. Монголын радио телевизийн нэрээр ОХУ-ын  Киевийн театр урлагийн дээд сургуулийг төгсөж ирээд родио телевизэд  олон жил ажилласан. Сүүлийн жилүүддээ театрын сүмийн хамбатан болж, их бүтээлтэй, эрчтэй ажиллаж байлаа. Өнөөдрийн театрт өөрийн өнгө төрх, онол, ертөнцийг бий болгосон найруулагч бол Б.Баатар. Монголын театрыг ямар байх ёстойг ойлгуулж, мэдрүүлсэн хүн. Тийм учраас ухаантай найруулагч энэ театрт заяасан энэ их хувь заяаны төлөө бахархаж байна" гэлээ. Энэ мэтчилэн олон уран бүтээлчид сэтгэлийн үгээ хэлэв. 

Энэ үдшийн оргил цаг нь түүний жүжгүүдийн үзэгдлүүдээр найруулсан тоглолт байв. "Кихот ноён", "Тэмүүжин", "Ану хатан", "Ээж ээ"," Амьгүй албат", "Цахлай", "Эзоп", "Адууны түүх" жүжгүүдийн сор болсон үзэгдлүүдийг Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Ардын жүжигчин Г.Равдан, Н.Мягмарнаран, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Ж.Сарантуяа, гавьяат жүжигчин Н.Чаминчулуун, Д.Жаргалсайхан, Ж.Уранчимэг болон МУСТА цолтнууд, залуу жүжигчид гээд гурван үеийнхэн нулимстай, инээдтэй тоглолт үзүүлэв. Тоглолт бүхний дунд дурсамж хөвөрнө. "Хэвшмэл биш сэтгэлгээтэй найруулагч юм. А.Чехов. Б.Сервантас, Н.Гоголь сонгодог зохиолчдын романыг жүжиг болгож чадсан бүтээлч, сэтгэгч уран бүтээлч. Уран бүтээл болгондоо найруулагчийн эмзэглэлийг тусгадаг. Тэр нь ганц найруулагчийн эмзэглэл бус театрын эмзэглэл, эх орны эмзэглэл байсан. Театрын урын санг дандаа баяжуулсан бүтээл туурвиж байлаа. Театр Баатарыгаа дурсаж байна. Баатараараа дутаж байна" гэсэн үгс тод сонсогдож байлаа.

"Баатар найруулагч сан"-гийн тэргүүн, түүний хүү Б.Энхжин "Жил бүр төрсөн өдрөөр нь тоглолт хийж, хоёр жилд нэг удаа залуу найруулагчдыг бүтээлээр нь шалгаруулж шагнан, дэмжиж ажиллах нь манай сангийн зорилт" гэж ярив. Энэ санг түүний шавь Ж.Батбаяр, Д.Гансүх, Ш.Мөнхбат нар санаачлан анхны хүндэтгэлийн ёслолыг хийсэн. Б.Баатар найруулагчийн ээж С.Дулмаа, гэргий Н.Баярсайхан нар шавь  болоод энэ үдшийн тоглолтыг сайхан зохион байгуулж буй УДЭТ-ын хамт олонд талархаж байв. Энэ жил УДЭТ-ын хамт олон найруулагчдын буюу Б.Баатарын мэндэлсний 60, Н.Гэндэнгийн 100, Б.Мөнхдоржийн 70 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Ирэх намар найруулагч Б.Баатарын судалгаа, шинжилгээний илтгэл бүхий онолын бага хурал зохион байгуулна гэж УДЭТ-ын дарга, МУУГЗ Н.Цэрэнсамбуу мэдэгдлээ. Мөн тус театрын хамт олон "Баатар найруулагч сан"-д нэг сая төгрөг хандивлалаа. Дундговь аймгийн Драмын театрынхан, ам цагаан хонь, нэг сая төгрөг, Кино академийн ерөнхийлөгч, "Зохиомж" дээд сургуулийн захирал Д. Цогтбаяр гурван сая төгрөгөөр ивээн тэтгэхээ зарлав.

Б.Баатар найруулагч театрын түүхэнд анх удаа "Атга нөж" жүжигтээ 300 хүн тоглуулсан, "Мануухай" жүжигтээ нэг гэр бүлийн буюу Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, МУГЖ  О.Бат-Өлзий, АЖ Ж.Сарантуяа, МУГЖ Д.Жаргалсайхан, Ж.Уранчимэг нарыг хоршуулан тоглуулсан гээд шинийг сэддэг байжээ. Түүний найруулсан жүжгүүд сонгодог хэлбэрийн эмгэнэлтэй мөртөө инээдэмтэй, нулимстай атлаа баясгалантай, чухам хорвоогийн хоёр өнгийг ямагт хослуулж, бас аагархсан, омогшсон дүр төрхийг илэрхийлдгээрээ өвөрмөц байсныг тоглолтын үзэгдэл бүхэн харуулав. Энэхүү онцлогийг нь ч тоглолтыг найруулсан УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин тод гаргаж, нулимстай дурсамж, омогшилтой тоглолтоор үзэгчдийг огшоосон юм. 


相关新闻