Ш.Сабит: Толбо сум цас ихтэй, өвөлжилт хүндхэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга Ш.Сабитаас өвөлжилтийн байдлын талаар тодрууллаа.
- Танай сумд өвөлжилтийн байдал ямар байна?
- Өнгөрсөн
зун манай сумын хоёр багийн
нутаг гантай, үлдсэн дөрвөн баг гандуу байсан. Бэлчээрийн ургалт тааруу,
царцаатай байлаа. Мөн бэлчээрийн даац зохих хэмжээнээсээ хоёр дахин хэтэрсэн. Одоогийн
байдлаар өвөлжилт нэлээн хүндэрсэн байдалтай байна. Өнгөрсөн оны аравдугаар
сараас хойш 10 орчим удаа цас орсон.
- Танай
сумын нутаг хэр цастай байна ?
- Цас нэмж орж байгаа. Одоогоор нийт нутгийн 90 орчим хувьд нь 5-80 см цастай байна.
- Энэ жил
хэчнээн толгой мал өвөлжиж байна?
- Манай
сумын иргэд 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор 174,4 мянган толгой мал
тоолуулсан. Үүнээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт зургаан мянга, манай
аймгийн Алтанцөгц сумд найм орчим мянга, Бугат сумын нутагт таван мянга гаруй,
өөрийн сумын нутагт 10 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа. Харин Буянт
суманд оторлосон мал байдал хүндэрснээс буцаж ирсэн. Сумын хэмжээнд 920 гаруй
толгой мал зүй бусаар хорогдож, 350 гаруй мал хээл хаясан байдалтай байна.
- Сумын
захиргаанаас өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлсэн үү?
- Өнгөрсөн
жил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тэжээлийн агуулах барьж, 24 тонн тэжээл,
42,2 тонн өвс бэлдсэн. Гэхдээ одоогоор задлаагүй, мал төллөх үеэр малчдад
олгохоор төлөвлөж байна. Малчдын саналын дагуу аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн
газар болон Засаг даргад Мал хамгаалах сан, улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр
болон зээлээр өвс тэжээлийн тусламж үзүүлэх хүсэлт гаргаад байгаа. Өнгөрсөн онд
манай сумын 80 жилийн ой болсон. Ойн арга хэмжээнд зарцуулагдаагүй үлдсэн
тодорхой хэмжээний мөнгөөр аймгийн төвөөс тэжээл авч, малчдад хүргэж байна. Энэ
өвс тэжээл бол аймгийн төвд борлуулагдаж байгаа үнэтэй адилхан юм.