Дотор-Арьсны клиникийг Монгол Улсын гавьяат эмч Д.Цэнд-Аюушийн нэрэмжит болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Дотор-Арьсны клиникийг Монгол Улсын хүний гавъяат эмч Д.Цэнд-Аюуш агсны нэрэмжит болголоо.
Д.Цэнд-Аюуш эмч нь 1961 оноос эрүүл мэндийн салбарт ажиллаж, эмчийн тангарагтаа үнэнч байж, мэдлэг ур чадвараа хүн ардын эрүүл мэндийн төлөө зориулан салбарынхаа түүхэнд нэр алдраа үлдээсэн түүний хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж, 2001 онд Хүний гавьяат эмч цолоор шагнажээ. Түүний үр хүүхдээс зургаан эмч төрөн гарч, аавынхаа хийж амжилгүй үлдээснийг гүйцээж явна.
Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарт оруулсан гавьяаг нь мөнхлөх үүднээс БОЭТ-ийн захирлын 2018 оны А/48 дугаар тушаалаар Дотор-Арьсны клиникийг түүний нэрэмжит болгосон бөгөөд эмчийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, ном товхимол, гавъяа шагналаар үзэсгэлэн гаргасан байна.
Түүний үр хүүхдүүдээс аавынхаа хувийн тамга, гарын үсэг бүхий 30 боть номыг БОЭТ-д бэлэглэж, Дотор-Арьсны клиникт зөөврийн даралт хэмжигч аппарат, сувилагчийн эмийн болон үйлчлүүлэгчийн тэргэнцэр, хөтөвч зэргийг хандивлалаа.