"Хамтын хүч хөгжлийн гарц"-аар 100 сая төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт “Хамтын хүч хөгжлийн гарц” нэртэй баялаг бүтээгч эмэгтэйчүүдийн
чуулга уулзалт, цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдаа болж 24 сумын 300 гаруй эмэгтэйчүүд оролцжээ.
"Хэрэглэгч
аймгаас үйлдвэрлэгч аймаг"-т шилжих зорилт тавин ажиллаж байгаа Завхан аймаг энэхүү арга хэмжээг энэ жил дөрөвдэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Аймгийн аж ахуйн нэгж байгууллага, жижиг
дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бие биенээсээ туршлага
судлах, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах,
сурталчлах, аймгийн брэнд бүтээгдэхүүний тоог нэмэх зорилготой тус үзэсгэлэн худалдааг хоёр өдрийн турш зохион байгуулжээ. Аймгийн Засаг даргын ивээл
дор зөвхөн орон нутгийн үйлдвэрлэгчдийн дунд
зохион байгуулагддаг
тус үзэсгэлэн худалдаанд 140 гаруй эмэгтэйчүүдийн 70 гаруй төрлийн
бүтээгдэхүүнүүд худалдаалжээ. Үзэсгэлэн худалдаанд уран хатгамал бүхий дээл малгай, гутал, нэхий, хурганы арьс, эсгийгээр
хийсэн төрөл бүрийн хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, модон эдлэлүүд, байгалийн
зэрлэг жимс, цэцгийн хүнсний бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, гурилан
бүтээгдэхүүн зэргийг дэлгэжээ.
Шилдэг үйлдвэрлэгчид 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж авах эрхээр шагнуулав
Энэ жилийн үзэсгэлэн худалдаагаар
орон нутгийн үйлдвэрлэгчид 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ. Үзэсгэлэн
худалдаанд оролцсон үйлдвэрлэгчдээс сум орон нутгийн онцлогийг шингээсэн орон
нутагтаа байгаа үндсэн түүхий эдээ ашигласан, ажлын байр шинээр нэмэгдүүлсэн,
шинэ техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн, нэмүү өртөг шингэсэн
бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн зэргийг харгалзаж эхний гурван байрыг эзлүүлж
дүгнэжээ. Ингээд Тэлмэн сумын гутал, зөөлөн оёдол хийдэг 15 хүнтэй дундын бүлэг,
Тосонцэнгэл сумын иргэн Амаржаргалын элдсэн нэхийгээр хийсэн гэрийн бүрээс,
Улиастай сумын иргэн С.Магвандорж, Н.Алзахгүй нарын нэхий боловсруулах бүлэг, гар
аргаар боловсруулсан ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Урган цех, Нөмрөг сумын
зөөлөн оёдлын цехүүд шинэ бүтээгдэхүүн, хамтын хөдөлмөр, шинэ ажлын байр бий
болгосноор тус тус 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж авах эрхээр, бизнес төсөл
бичих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга зүйн зөвлөмж авах эрхээр тус тус
шагнуулжээ. Энэ жилийн үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг даргын ивээл дор МЭХ-ны Завхан салбар зөвлөл аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулжээ. Мөн үзэсгэлэн худалдааны үеэр сум бүрийн үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний онцлог, давуу чанар, түүхий эд материалын талаарх мэдээллийг иргэдэд нэг бүрчлэн тайлбарлаж танилцуулсан нь онцлог болжээ.