Ямар азаар Монгол хүн болж төрөө вэ гэж бодогддог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд нэгдээд 10 гаруй жилийг үдэж
байна. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй Дорнод аймаг дахь
хилийн 0132 дугаар ангийн хошууч Ц.Азжаргалтай цахимаар холбогдож, цөөн хором
яриа өрнүүллээ.
Угтаа энэ цаг үед үндэстний эв нэгдэл юутай чухал, тусгаар улс байхын үнэ
цэнийг эргэцүүлэх нэгэн сэжмийг уншигч Танд өгөхийг хичээсэн.
-Сайн байна уу? Үүргээ амжилттай
гүйцэтгэж байгаад баяр хүргэе.
-Сайн
байна уу? Баярлалаа. Алс холын Өмнөд Судан улсаас мэндчилж байна.
-Тив алгасан халуун оронд
буусан анхны сэтгэгдлээс тань ярилцлагаа эхэлье?
-Энд
анх буухад маш халуун, бүгчим орчим угтсан. Вакум дотор орчихсон юм шиг
давчдаад явчихсан. Одоо бол харьцангуй дасаж байна л даа. Харагдах байдлын хувьд
эртний улс оронд хөл тавьж байгаа ч юм шиг. Цаг хугацааны машинд суугаад 100
жилийн өмнөх үед ирчихсэн ч юм шиг сэтгэгдэл төрсөн.
-Тэгэхээр хөгжил нь нэгэн зуунаар хоцорч гэж
хэлж болох нь?
-Бараг
л тийм. Өөрийн эх оронтойгоо харьцуулахад манайхаас лавтайяа 100 жилээр хоцорч
байгаа болов уу гэж боддог юм. Хүмүүс нь шалдан нүцгэн явна, шүдний ой сойз
хэрэглэж мэдэхгүй гэхчлэн орчин цагаас нэлээд хол хоцорч үлдсэн төрх байдал
ажиглагддаг.
-Өмнөд Судан улс тусгаар
тогтноод төдий удаагүй байгаа шүү дээ. Одоо нөхцөл байдал ямархуу байгаа бол?
Гадаад мэдээнээс харах нь ээ, дайн самуун, халдлага гарсан хэвээр бололтой.
-1950-иад
оноос Судан улсад салан тусгаарлах иргэний дайн дэгдэж, Өмнөд Судан улс
автономит болж байсан түүхтэй юм билээ. Судан нь исламын, харин Өмнөд Судан нь
христийн шашинтай. Өмнөд, Хойд Судан хоорондоо тэмцэлдэхээс илүү Өмнөд
Суданы ард иргэдийн дийлэнх нь христ, багахан хэсэг нь исламын шашин шүтдэг.
Энэхүү хэл соёл, шашин шүтлэгийн ялгаатай байдлаас үүдээд омог хоорондын
мөргөлдөөн байнга гардаг. Түүнчлэн Өмнөд Судан улс дотор Засгийн газрын цэрэг
арми, мөн түүний эсрэг цэргийн хүчнийхэн гэж бий. Уг нь саяхан тусгаар
тогтносон боловч нөхцөл байдал төдийлөн дээрдсэн зүйлгүй гэхэд болно доо.
Дээрэм тонуул, хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх, газар нутгийн төлөөх
тэмцэл тоймоо алдсан учир НҮБ дүрвэгсдийг хамгаалаад 7 жил болж байгаа. Хүн
шархдах, амь насаа алдах бол хэвийн үзэгдэл шахуу болчихсон газар шүү дээ. Энэ
бүгдийг хараад ямар азаар Монгол хүн болж төрөө вэ гэж эрхгүй бодогддог шүү.
-Дайн дажнаас дүрвэсэн
хичнээн хүн байна?
-Дүрвэгсдийн
хуаранд 120 мянга гаруй хүн бий.
-Дүрвээд ирчихсэн тэр олон
хүн амь амьжиргаагаа хэрхэн залгуулдаг вэ? Иргэдийнх нь амьдрал ахуйг ерөнхийд нь
зураглаач.
-Энэ
улс эцгийн эрхэт ёстой учир эмэгтэйчүүд л амин зуулгаа залгуулдаг. Нэг эр хэдэн
ч эхнэртэй байж болно. Эхнэрээ мөнгөөр юм уу, үхрээр худалдаад авчихна.
Мөнгөгүй, үхэргүй бол тэгээд насан туршдаа эхнэр авахгүй л гэсэн үг ш дээ. Миний
мэдэхээр энд таван эхнэртэй хүн бий. Түүнтэй хэдэн үг сольж үзсэн. Таван эхнэрийнх
нь хоёр нь ажил хийж, ар гэрээ тэжээдэг, хоёр нь ажил хийж олсон мөнгөө
нөхөртөө авчирч өгдөг, нэг нь гэртээ сууж хүүхдүүдээ өсгөх үүрэгтэй. Үүнээс ч
олон эхнэртэй эрчүүд байдаг гэсэн. Ард иргэд нь бага сага ногоо тарьж, мал
малладаг. Харин дүрвэгсдийн хуаранд байгаа хүмүүс НҮБ-аас олгосон ажлыг хийдэг.
Мэргэжил эзэмшсэн хүн ховор болохоор харуул хамгаалалтын ажилд голдуу
хуваарилагдаж байгаа харагддаг юм.
-Дэлгүүр хоршоо бий юу?
-Байлгүй
яахав дээ. Даанч маш өндөр үнэтэй. Кока-кола ундааны хамгийн жижиг савлагаатай,
манайхаар бол “хүслийн ундаа” гэхэд л гурван доллар гээд бодчих. Өмнөд Судан
улсын эдийн засаг газрын тосны үнэ өртгийн хэлбэлзлээс шууд хамаардаг. Эдийн
засгийн хүндрэлээс шалтгаалаад 2010 оноос хойш сонгууль явуулж чадаагүй
өнөөдрийг хүрч байгаа юм билээ.
-Уур амьсгалын хувьд
байнга л аагим халуун байх уу?
-Хоёр
улиралтай. Цаг агаар тогтмол 40-өөс дээш хэмд хүрч хална. Нутгийн иргэд
бургасаар урц маягийн юм барьж амьдардаг. Байнга аагим, халуун байдаг болохоор
тэр үү, их хөлөрснөөс болдог байх. Тарган хүн бараг үгүй, үсээ ургуулна ч гэж
байхгүй. Хүмүүс нь ихэвчлэн халзан, харин эмэгтэйчүүд нь хиймэл үс зүүх юм
билээ. Халуун орон болохоор шумуул ихтэй. Тэр хэрээр шумуулаар дамжиж халдварт
өвчин тусах эрсдэл өндөр. Бид хамгаалах тос түрхэж, торон дотор унтаж амардаг.
Бас малиараас урьдчилан сэргийлэх эмийг тогтмол ууж байна.
-Монгол руу холбогдох
зөвшөөрөлтэй цагаар чинь би тантай ярилцаж байна гэж ойлгосон. Энхийг
сахиулагчдад ар гэрийнхэнтэйгээ холбоо барих, харилцах цаг гэж тусгайлан
гаргадаг юм аа даа?
-Энд
Монголоос таван цагийн зөрүүтэй болохоор ар гэрийнхэнтэйгээ холбогдоход
асуудалгүй. Амралтын өдрүүдэд тасаг бүр тодорхой хугацаанд цахимд холбогдох
хуваарьтай байдаг. Энэ удаагийн амралтын өдрийн норм маань одоо бараг дуусаж
байна.
-За тэгвэл энд хүрээд
өндөрлөе. Цаг зав гаргасанд баярлалаа.
Дашрамд
хилийн 0132 дугаар ангийн хамт олондоо мэнд хүргэж, ажлын амжилт хүсье. Амьдралынхаа
нэгээхэн дурсамжит цаг мөчийг тантай хуваалцсандаа баяртай байна.
Хошууч Ц.Азжаргал бол алс холын Африк тивд энхийг сахиулахаар үүрэг
гүйцэтгэж буй олон зуун хилчдийн төлөөлөл. Цахимаар холбогдсон ярилцлагын
төгсгөлд тэрээр “Харуулд зогсож байхдаа Монголчууд бидэнд гар газар, хөл хөсөр
амьдрах амар амгалан, уудам сайхан газар нутаг, эх орон, тусгаар тогтнол байна.
Эв нэгдэл л дутаад байна уу даа гэх бодол эрхгүй төрдөг” гэсэн юм.