“Цагаан тоос”-ны нөлөөллийг судлахаар 380 гаруй иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй цагаан тоос иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн мэдээлэл сүүлийн 20,30 жил яригдаж байна. Гэвч үүнийг судалгаа, шинжилгээгээр баталж, нотолсон зүйл байдаггүй.
Харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай ойр оршдог Говил, Баянцагаан баг болон Жаргалант сумын иргэдэд ихэд нөлөөлдөг гэж багийн оршин суугчид нь таамагладаг. Энэ асуудлыг цэгцэлж хэрэв нөлөөлдөг бол яаралтай арга хэмжээ авах үгүй бол иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх зорилгоор “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг боловсруулж батлах, үйлдвэртэй хамтран судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэхээр болсон. Орхон аймгийн Засаг даргын захирамжаар Эрдэнэтийн цагаан тоостой гэх бүсэд амьдарч буй иргэдийн төлөөллийг эрүүл мэндийн үзлэгт оруулсан байна. Судалгаа болон эрүүл мэндийн үзлэгийг “Медипас” эмнэлэг, “Эрдэнэт” ШУТП-ын лаборатори, БОЭТ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн харьяа Эмнэлэг сувиллын алба хамтран өнгөрсөн оны наймдугаар сард хийжээ.
Тэд Говил, Баянцагаан багийн болон Жаргалант
сумаас төлөөлөл болгож 35 иргэнийг сонгож амьсгалын эрхтний тогтолцооны
чиглэлээр нарийвчилсан судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 21 хувьд
нь уушгины үйл ажиллагааны хөнгөн зэргийн бууралт, компьютер томографын
шинжилгээгээр 86 орчим хувь нь агаар дамжуулах замын эмгэг өөрчлөлттэй гарчээ.
Мөн уушгины эмчийн үзлэгээр 50 хувьд нь гуурсан хоолойн архаг үрэвсэл, 18.2
хувьд нь астма, уушгины архаг бөглөрөлт өвчин 13.6 хувьд нь илэрсэн гэх
дүгнэлтийг “Медипас” төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч н.Ичиноров хэллээ.
Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ээс мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажлаас
чөлөөлөгдсөн иргэдийн 50 хувь нь амьсгалах эрхтний тогтолцооны архаг үрэвсэлтэй
байдгийг тус үйлдвэрийн харьяа Эмнэлэг сувиллын алба мөн мэдэгдлээ.
Гэхдээ дээрх дүнгэлт шууд цагаан
тоосноос болсон гэж ойлгож болохгүйг мэргэжлийн хүмүүс онцолсон юм. Иймд 2019 онд цагаан тоосны нөлөөллийн бүсэд
амьдарч байгаа болон амьдардаггүй иргэдийн эрүүл мэндийг харьцуулан судлах
шийдэлд хүрсэн байна. Учир нь 35 хүн нь хотын 100 мянган иргэнийг төлөөлөхгүй.
Тусгай аргачлалаар бодож үзэхэд нийт иргэдийн 30 хувийг үзлэгт хамруулсны дараа
асуудлыг “мухарлах” боломжтой аж. Иймд 387 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж
шаардагдах зардлыг “Эрдэнэт үйлдвэр” гаргахаар болжээ.
Цагаан тоос нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Хаягдлын аж
ахуй”-аас гардаг тоосонцор юм. Уг аж ахуй нь 1978 онд байгуулагдсан. 2017 оны байдлаар далан, цөөрөм, хуурай болон хураагдсан элс
гээд нийтдээ 1901 га талбайг хамарсанаас 745.7 сая тонн хэмжээтэй болсон “хураагдсан
элс” нь цагаан тоосны дэгдэлтийн голомт болоод байгаа ажээ. Тус үйлдвэр цагаан
тоосыг химийн урвалжаар дарах туршилтыг 15 га талбайд хийж байна. Энэ тоосны найрлагын дийлэнхийг “сликат O2”
гэх бодис бүрдүүлдэг байна. Уг бодис нь
хүний амьсгалах эрхтнийг гэмтээдэг бөгөөд сликоз /уушги хатуурах/, астма
өвчин болон харшлын шалтгаан болдог байна.