Орхон аймагт мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-01-12 22:34:06
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсын хүндэт харваач Ш.Даваадоржийн нэрэмжит мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10,11-нд Орхон аймагт боллоо. Тус аймагт хоёр дахь удаа болж буй уг тэмцээнд Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын есөн дүүргийн 320 гаруй тамирчин оролцлоо.

Тэмцээн өсвөр, залуучууд, ахмад гэсэн гурван насны ангиллаар болсон байна. Ахмад насны ангилалд талын харваагаар улсын мэргэн Д.Батдэлгэр, С.Санжаабаяр, цуваа харваанд Архангай аймгийн харваач, П.Эрдэнэ-Очир нар тэргүүллээ. Өсвөр насны ангилалд Б.Баянжаргал, Т.Мөнгөнцоож, залуучуудын насны ангилалд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын дархан мэргэн Ч.Мандахбаяр ахлагчтай баг тэргүүн байранд орлоо.

Монгол Улсын хүндэт харваач Ш.Даваадорж 1999 онд Эрдэнэт хотод мөсний улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан түүхтэй. Түүнээс хойш 20 жилийн дараа түүний үр хүүдүүд нь уг тэмцээнийг зохион байгуулж байгаа нь энэ ажээ. Энэ удаагийн тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хангарьд клуб, аймгийн Биеийн тамир, спортын газар, “Монголын үндэсний мөсний  шагайн холбоо”, Орхон аймгийн “Мөнгөн толь” мөсний шагайн холбоо хамтран зохион байгууллаа. 

相关新闻