Завханд 1000-аас дээш малтай 544 өрх бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-14 12:05:31

Завхан /МОНЦАМЭ/ Завхан аймаг 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 9078 малчин өрх 3555.4 мянган толгой мал тоолуулжээ. Үүнээс 1501.4 мянган хээлтэгч тоологдож, нийт малын тоогоор Алдархаан сум 292.2 мянган толгой малаар тэргүүлсэн байна.

Харин 145.1 мянган ямаагаар Алдархаан сум, Дөрвөлжин сум 2.2 мянган тэмээгээр тус тус  тэргүүлж, аймгийн хэмжээнд 1000-аас дээш малтай өрх 544 болжээ. Нийт мал сүргийн дотор тэмээ 0.2 хувь, адуу 6.2 хувь, үхэр 5.8 хувь, хонь 51.4 хувь, ямаа 36.4 хувийг эзэлж, бод мал, хонин сүргийн  хувийн жин нэмэгдэж сүргийн зохистой бүтэц бүрдэж байна.Тооллогоор 1501.4 мянган хээлтэгч тоологдсон нь өнгөрсөн оноос 56.6 мянгаар өсч, нийт сүргийн 42.2 хувийг хээлтэгч мал эзэлж байна. Харин цэвэр үүлдрийн үхэр 0.7 мянга, шилдэг үүлдрийн адуу 11 мянга, шилдэг үүлдрийн ямаа 307.3 мянга, цэвэр үүлдрийн сартуул хонь 577.9 мянга тус тус тоологдлоо хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 Малчид хүнсний хэрэглээндээ хонь, үхэр ихэвчлэн хэрэглэдэг 

Завхан аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 15.9 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна.

Эдгээр малчдын 29.3 хувь нь 15-34  насны залуучууд,  57.2  хувь нь 35-59 насны хүмүүс, 13.5 хувь нь тэтгэвэрийн насны хүмүүс тус тус эзэлж  байна. Харин 2018 онд аймгийн дүнгээр 152 өрхийг 528.8 сая төгрөгийн 8755 толгой малаар малжуулж, нийт хөрөнгийн 48.3 хувийг орон нутгийн хөрөнгөөр, 51.7 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжүүлжээ. Малын хэрэглээний зарлага өмнөх оноос 207.2 мянган толгойгоор буюу 34.7 хувиар өсчээ. Малтай нэг өрхөд дунджаар 66 толгой малыг хэрэглээнд зориулан зарцуулсаныг аймгийн нийт өрхөд харьцуулвал нэг өрх дунджаар 39 толгой малыг хэрэглээндээ зарцуулсан байна. Малчид хүнсний хэрэглээндээ таван хошуу малаас хонь, үхэр, ямааг их зарцуулдаг ажээ.

Малчдын 60 гаруй хувь нь ухаалаг утас хэрэглэдэг

Завханы малчин өрхийн 94.4 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 86.0 хувь нь телевизортой байна. Түүнчлэн нийт малчин өрхийн 84.4 хувь нь сансрын антентай, 59.2 хувь нь авто машинтай, 62.8 хувь нь мотоцикльтой байна.

Автомашиныг маркаар нь авч үзвэл автомашинтай малчдын 43 хувь нь тэвштэй бага оврын ачааны машинтай бол 16 хувь нь суудлын жижиг болон JEEP маркийн автомашин хөлөглөж байна. Харин үүрэн телефоны утсыг газар нутгийн байрлалаас шалтгаалан тухайн үүрэн телефоны сүлжээ байгаа газар бүрт хэрэглэдэг. Нийт малчин өрхийн 97 хувь нь нэг өрхөд дунджаар хоёроос гурван гар утас хэрэглэдэг судалгаа гарчээ. Гар утсыг маркаар нь авч үзвэл малчдын 60 гаруй хувь нь android буюу ухаалаг гар утастай, 10 орчим хувь нь товчтой авч явахад авсаархан, цэнэгээ удаан барьдаг энгийн гар утсыг хэрэглэдэг ажээ. Нийт малчин өрхийн хэрэглээнд жил бүр аккумлятор, нарны дэлгэцээр цэнэглэдэг угаалгын машин, хөргөгч, ухаалаг гар утас, зөөврийн компьютер нэмэгдсэн гэсэн сонирхолтой судалгааг аймгийн Статистикийн хэлтсээс тус тус мэдээлэв.

 

 

相关新闻