Найман мянган иргэн үнэт цаасны арилжааны данс нээлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-01-11 16:57:15

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт найман мянга гаруй иргэн “Монсек” брокер, диллерийн компанийн орон нутаг дахь салбарт үнэт цаасны арилжааны данс нээлгэсэн байна.

Иргэд өнгөрсөн оны наймдугаар сараас данс нээж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 100 орчим, зарим үед 300 гаруй хүн данс нээлгэдэг аж. Сүүлийн саруудад тус брокер, диллерийн компанид хандах иргэдийн тоо өсөх хандлагатай байна.

“Монсек” компанийн Дорнод салбарт хандсан иргэдийн бичиг баримтыг бүрдүүлэн хоёр хоног тутамд төвдөө илгээж байгаа аж. Шинэ оноос өмнө бүртгүүлсэн иргэдийн дансыг нээгээд байна гэж тус салбараас мэдээллээ. Иргэд тус компанийн байранд иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээтэйгээ ирж, 7000 төгрөг тушааж данс нээлгэх боломжтой. Дорнод аймагт одоогоор дээр дурдсан брокерын ганцхан компани үйл ажиллагаа явуулж байна.

相关新闻