Хамгийн жижиг сийлбэр маань 1.4 мм-ийн хэмжээтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Аймаг
орон нутагтаа төдийгүй Монгол Улсад дээгүүр үнэлэгдэх, ховор нандин
бүтээлүүдийн эзэн сийлбэрч М.Пүрэвжавтай ярилцлаа.
Тэрээр
Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний Нэгдүгээр сургуульд технологийн
багшаар ажилладаг. Бяцхан шавь нартаа зааж сургахын хажуугаар урландаа ихэнх
цагаа өнгөрүүлдэг бололтой.
-Өнтэй өвөлжиж байна уу? Урилга хүлээж
авсанд баярлалаа.
-Сайхан өвөлжиж байна. Өвлийн
саруудад бүтээлдээ илүү төвлөрч, тэр хэрээр ахицтай байх шиг санагддаг. Ийш
тийш явж суух нь багасаад ирэхээр урландаа ихэнх цагаа өнгөрүүлж байна даа.
-Яг одоо ямар бүтээл урлаж сууна?
-“Буриадын их нүүдэл”, мөн
“Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн “Тулгар төрийн эхлэл” нэртэй зургаан
цуврал бичил сийлбэрийн бүтээл байгаа. Эдгээрт Эзэн Чингис хааны мэндэлсэн,
ураг барилцсан, андын тангараг тавьсан үеийг дүрсэлсэн. Харин байлдан
дагуулалтын үеийг сийлье гэхээр үйл явдал, өрнөл ихтэй болохоор тунгааж байж
хийхгүй бол барахгүй дэг ээ.
-Ингэхэд бичил сийлбэрийг яг хэзээнээс эхэлж хийсэн юм бэ? Маш жижиг
хэмжээтэй сийлбэр хийе гэдэг сэдэл санааг хаанаас олсон нь сонин байна.
-Арван тав дахь жилдээ
сийлбэр хийж байна. Богд хаанд улаанбуудайн дээр сийлсэн яст мэлхий бэлэглэж
байсан, 1 см талбай дотор мянган заан багтаасан зэргийг түүхийн номноос олж
уншаад бичил сийлбэр хийх санаа анх төрсөн. Тэгээд улаанбуудайн дээр яст мэлхий, заан
сийлж, дипломын ажлаа бичил сийлбэрээр хамгаалсан.
-Монголд хамгийн жижиг шатар бүтээж,
оюуны өмчөөр баталгаажуулсан байх аа?
-2006 онд Оюуны өмчийн
газарт хандаж “Монголын хамгийн жижиг шатар” бүтээсэн гэдгээр патент авсан. Миний
хийсэн шатар бол яг Монгол шатар. Хүү нь 1.9 мм, бод нь 2.2 мм диаметртэй.
Монгол ахуйг харуулсан шатар гэдгээрээ онцлог. Үхэр тэрэг, барс гэх мэт амьтад
дүрсэлсэн шатар бий.
-Бичил сийлбэр олон улсад хэрхэн хөгжсөн
талаар сонирхсон нь гол төлөв харандаан дээр сийлдэг юм байна лээ. Модон дээр
сийлсэн нь ховор юм болов уу гэж бодсон?
-Харандааны сийлбэр янз
бүрээрээ л байдаг. Харин модон дээр сийлснийг ер харж байгаагүй. Ер нь
харандаа, мод хоёр дээр сийлэх арга нь өөр л дөө. Харандааг хусч сийлдэг
болохоор нарийн дүр, дүрслэл гаргах боломжтой. Харин модыг бол хэрчиж тасалж
хийнэ. Модон дээр бичил сийлбэр хийх нь харандаанаас илүү хүнд хэцүү. Сүүлийн үед
нарийн технологиор пластик материалаар бичил сийлбэр хийдэг болсон байна лээ. Харин
гар аргаар модон дээр бичил сийлбэр хийдэг хүн ховор болов уу. Тэр ч үүднээс Чойбалсан
хотын 80 жилийн ойг тохиолдуулж, хөрш зэргэлдээ Манжуурт гаргасан үзэсгэлэнд
миний бүтээлүүдийг дэлгэсэн.
-Модон сийлбэр ер нь монгол арга ухаан
байх нь, тийм үү?
-Гаднын улс орнуудад модон сийлбэр байдаг л
даа. Харин битүү сийлбэрийн арга ухаан зөвхөн Монголд л бий. Мод чинь амьтай
зүйл шүү дээ. Хүнд судас гэж байдаг шиг модонд холтос, золом, долон, модлог гэж
бий. Түүгээрээ үндэснээсээ шим тэжээл, усаа авна, фотосинтез явагдана. Модоор
сийлбэр хийж байхад холтос, золомны нүх таарах магадлалтай учраас модныхоо
нягтыг сайн тооцоолж хийнэ. Сийлбэрийг ер нь нягт модоор хийвэл илүү нарийн ур
хийц гарах боломжтой.
-Зааны соёон дээр бичил сийлбэр хийж
байсныг тань мэдэх юм. Өөр юун дээр сийлж байв?
-Навч, өндөг, улаанбуудай,
мод, харандаа, зааны соёон дээр бичил сийлбэр хийж байсан. Ер нь өндгөн дээрх
сийлбэр Орост, навчных Хятадад элбэг.
-Урын санд тань хэдэн бүтээл байгаа вэ?
Таны бүтээлээс Монгол ахуй нэвт харагдаж байна?
-Бичил сийлбэрийн бүтээл
маань 40 орчим бий. Хамгийн жижиг нь гэхэд 1.4 мм-ийн хэмжээтэй морь бий. Бид эх
орныхоо ёс заншил, ард түмний ахуй амьдрал, аж байдлыг бүтээл туурвилдаа
тусгаж, сурталчилж, хойч үедээ өвлүүлэх ёстой.
-Хамгийн урт хугацаа зарцуулсан бүтээл
гэвэл?
-“Тэмээн жингийн цуваа”-г
хийж байхдаа их удсан. Бүх зохиомж, зургийг нь бэлдчихсэн байтал хүн үзэж
байгаад тэмээг нь хугалчихсан. Хүмүүс үзэж, сонирхож байгаад хугалах, эмтлэх
тохиолдол бас бий. Ер нь модоор бичил сийлбэр хийх нь хутганыхаа ирийг
тааруулах, модоо хэрчих таслах гээд нарийн чимхлүүр болохоор их цаг зарцуулдаг.
-Багаж хэрэгслээ өөрөө хийж бэлтгэх үү?
-Бичил сийлбэрийг зүү шиг
нарийхан хутгаар хийдэг. Түүнийгээ өөрөө хийнэ л дээ. Хутгыг ямар төмрөөр хийх
вэ, хат нь ямар байх вэ гээд нарийн мэдрэмж яалт ч үгүй шаардана. Хөрөөний ир,
төмрийн хөрөөгөөр хааяа хийдэг юм. Хутга хийх төмрөө хайлуулна, уяруулна, хатыг
нь хариулна гээд ажил мундахгүй л дээ.
-Энгийн нүдээр харахад ч хүндрэлтэй
эдгээр бүтээлийг сийлнэ гэхээр мэдээж тэвчээр, тайван байдал шаарддаг байх даа?
-Хүн тэгээд сонирхолтой,
дуртай зүйлдээ тэвчээр гаргана шүү дээ. Сийлбэр хийх бол сууж сурсан хүний л
ажил. Нуруугаа чилтэл суух үе олон. Асар жижигхэн зүйл хийж байгаа учраас
хүнгүй, чимээгүй орчинд анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж хийнэ. Хараа сайн
байх хэрэгтэй.
-Гарын ур дүй, чадварыг
хэнээс өвлөв? Тухайн хүн дур сонирхолтой, мэрийлттэй байгаад ч үүнд удмын
авьяас гэх зүйл яалт ч үгүй чухал байж таараа гэж бодож сууна?
-Өвөө минь мужаан хүн, аав
ч бас гэрийнхээ эд хэрэглэлийг хийчихдэг хүн байсан. Би бага ангид байхаасаа
дажгүй зурчихдаг, өвөөгөө дагаад модон сандал гэхчлэн жижиг сажиг зүйлийг
хийчихдэг байлаа. Багахан авьяас сонирхлыг минь өдий зэрэгт хүргэхэд дүрслэх
урлагийн багш нарын маань зүтгэл их байсан.
“Монголын
нууц товчоо”-ноос сэдэвлэсэн цуврал бүтээлийг нь үзсэн харсан хэн бүхэн
Пүрэвжав багшаар эрхгүй бахархаж, омогших вий. Цуврал бүтээлийнх нь суурь нь
хүртэл гүн утга учир, бэлгэдэлтэй юм билээ.
Цаг хугацаа
урсан өнгөрөх тусам түүх соёл алсран одох учраас бид түүнийг сөхөн дурсаж,
санаж явах учиртай. Уран бүтээлч хүнээс л ийм нарийн мэдрэмж, ур ухаан гарах
болов уу.