Дулааны станц гурван сар сул ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-09 20:38:46

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд дулааны станц баригдаж, хэрэглэгчдийг  дулаанаар хангах боломжтой болоод байна.

Аймгийн төвийн дулааны хэрэгцээг бүрэн хүчин чадлын тал хувиар хангах боломжтой, сүүлийн үеийн шинэ технологиор тоноглогдсон, утаа угааж шүүдэг нэн шинэ технологи нэвтрүүлсэн автомат удирдлагын системтэй дулааны станцад одоогийн байдлаар 45 хүн дөрвөн ээлжээр ажиллаж байгаа ажээ.

 - Манай байгууллага өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-ээс эхлэн галлаж эхэлсэн. Гурван сар гаруй хугацаанд ямар ч ачаалалгүй ажиллаж байна. Хүйтний улиралд дулааны хэрэгцээг хангах ачаалалтай байж улсын комисст шалгуулах хүсэлтэй байна гэж “Энержи плас” ХХК-ийн захирал Ч.Гантулга аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа.

Өнгөрсөн сард болсон аймгийн ИТХ-ын хуралдаан дээр аймгийн Засаг дарга З.Батзориг, Хүйтний улирал эхэлсэн нөхцөлд Дулааны станцад хэрэглэгчдийг холбох явцад ямар нэгэн эрсдэл гарч болзошгүй учраас тус станцаас дулааны эрчим хүч аваагүй гэж тайлбарласан юм.

Тус аймагт дулааны станц ажиллаж байгаа ч аймгийн төвийн хэрэглэгчид хуучин уурын зуухнуудаас дулаан авч, утаа, тортогт дарагдан өвөлжиж байна.

相关新闻