Хотын захирагчийн алба ажилчдынхаа хоолны мөнгийг нэмэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ЗДТГ-аас төрийн албан хаагчдынхаа нийгмийн байдал, ажиллах орчныг сайжруулахаар ажиллаж байна.
“Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд албан хаагчдыг шаардлагатай техникээр хангах зорилт тавьж, Арвайхээр хотын захирагчийн алба болон багийн ажлын албыг 36.3 сая төгрөгийн үнэ бүхий компьютер, принтер, бусад тоног төхөөрөмжөөр хангаад байна. Мөн улсын төсвийн 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ЗДТГ-ын барилгад их засвар хийж, ажилчдынхаа ая тухтай орчинд ажиллах боломжийг бүрдүүллээ.
“Төрийн албан хаагчдад хамгийн их тулгамдаж байгаа зүйл бол цалин мөнгөний асуудал юм. Тиймээс нийт ажилчдынхаа хоолны мөнгийг нэмэгдүүлж, 2019 онд сарын хоолны мөнгийг тус бүрт 50000 төгрөг болгосон” хэмээн сумын ЗДТГ-ын дарга Т.Чинзориг хэллээ.