Гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. 2017-2018 онд гадаадын төсөл хөтөлбөрийн хүрээнд нийт 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг Увс аймагт хийж хэрэгжүүлжээ.
2017-2018 онд Увс аймгийн удирдлагууд гадаад улсаас Монголд суугаа ЭСЯ, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ОУБ-тай хамтран ажиллах санаачлага гарган очиж уулзах, хамтран ажиллах санал хүргүүлснээр АНУ, Австрали, БНЭУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс, БНХАУ, Франц улс, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Тайванийн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч зэрэг томоохон албаны хүмүүс Увс аймагт айлчилсан байна.
Үүнээс гадна олон улсын байгууллагууд болох Швейцарийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын хөтөлбөрийн газрууд, Дэлхийн зөн ОУБ, Туркийн хамтын ажиллагааны ТИКА байгууллага, Тайландын олон улсын нийгэмлэг, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ЭТИС хөтөлбөр, Каритас Монгол, Оросын соёл шинжлэх ухааны нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөллүүд Увс аймагт айлчилжээ. Үүний үр дүнд 2017 онд гадаадын 15 төсөл хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 1,6 тэрбум, 2018 онд 4,8 тэрбум, нийтдээ 6.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг Увс аймагт хийж хэрэгжүүлсэн байна.