"Тэмээчдийн баяр-2019" баярт 200 гаруй тэмээчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-07 13:55:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн тэмээчдийн “Монголын хоолой” холбоо “Тэмээчдийн баяр-2019” арга хэмжээг өвлийн адаг сарын шинийн нэгний билигт сайн өдөр Арвайхээр хотноо зохион байгууллаа.

Нүүдэлчин Монголчуудын соёл иргэншлийг сэргээн сануулсан тус баярын арга хэмжээнд Богд, Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус, Сант, Баянгол, Хайрхандулаан сумын 200 гаруй тэмээчин оролцож, шилдэг тэмээгээ шалгаруулав. Тухайлбал, “Шилмэл буур”-аар Төгрөг сумын тэмээчин Ц.Мөнхбатын хар буур, “Шилмэл ат”-аар Гучин-Ус сумын тэмээчин Д.Шийрэвсамбуугийн хүрэн ат, “Шилмэл ингэ”-ээр Гучин-Ус сумын тэмээчин О.Сэдэдийн хүрэн ингэ тус тус шалгарлаа.

Хурдан торомны уралдаанд Төгрөг сумын тэмээчин н.Чулуунбаатарын улаан тором, атан тэмээний уралдаанд Төгрөг сумын тэмээчин Ж.Намсрайжавын улаан ат түрүү мангайллаа.

Тэмцээний “Сайхан хос”-оор Гучин-Ус сумын 2 дугаар багийн тэмээчин Ж.Цэдэндамба, Б.Чанцалгялбий нар шалгарч, Шагай шүүрэх тэмцээнд Төгрөг сумын тэмээчин Б.Нямбат тэргүүлэв.

Мөн Өвөрхангай аймгийн тэмээчдийн “Монголын хоолой” холбооны “Цол олгох тухай” журмын болзлыг хангасан Богд сумын тэмээчин Б.Эрдэнэбилиг тэргүүтэй нэр бүхий 6 тэмээчинд “Аймгийн алдарт тэмээ уяач” цол олголоо.

Өвөрхангай аймгийн тэмээчдийн “Монголын хоолой” холбоо нь байгуулагдаад жил болж байгаа ба тэмээний уралдааныг морин спорттой адилтган үзэж, тэмээчдэд улсын цол хэргэм олгодог байх, тэмээний бүсийн болон улсын томоохон уралдаан тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлээд байна.

相关新闻