Аймгийн Засаг дарга А.Гылымхан шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-31 10:44:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан "Шинэ жил"-ийн баярыг тохиолдуулан ард иргэдэд мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрээр мэндчилгээндээ: "Төрөлх аймгаа хөгжүүлэх, ард иргэдийн ая тухтай эрүүл амьдрах орчинг бүрдүүлэхийн төлөө 2018 оныг "Сахилга хариуцлагын жил" болгон зарласны үр дүнд ард олны идэвх, зүтгэлийн ачаар нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт ахиц гарсан, амжилт бүтээлээр дүүрэн он жил болж өнгөрч байна.

2018 онд аймгийн хүн амын тоо хоёр мянгаар өсч, 103,6 мянгад хүрсэн. Эдийн засгийн гол үзүүлэлт болох аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 348,3 тэрбум төгрөгт хүрч 2017 оныхоос 5,7 хувиар өссөн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 3361,6 мянган төгрөгт хүрч 2,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2019 онд ч шинээр Нэгдсэн эмнэлэг, Цэвэрлэх байгууламж, Босоо тэнхлэгийн авто замын ажлын хүрээнд Өлгий сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 19,5 км хатуу хучилттай авто зам, 170 метр төмөр бетон гүүр, аймгийн хэмжээнд 10 сургууль, цэцэрлэг, гурван сумд Соёлын төвийн барилга барихаар төлөвлөсөн ба аймгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө улам эрч хүчтэй, илүү ихийг бүтээхийн төлөө өөрийн оюун ухаан, бүхий л боломжоо дайчлан чармайн ажиллах болно.

Ирж буй шинэ ондоо Та бүхний ажил үйлс өөдрөг, ахуй амьдрал дээшилсэн, аймаг орон маань хөгжиж айл бүхэнд аз жаргал, хүн бүрт эрүүл энхийг авчирсан буянтай жил болохыг хүсэн ерөөе." хэмээжээ. 

相关新闻