Шинэ оны босгон дээр өргөө цагаан гэртэй болж, нэгэн гэр бүл баяр нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Хэлээд ирдэггүй гэнэтийн гай, зовлонгоос болж өнгөрсөн хавраас хойш орон гэргүй байсан Хушаат сумын 2-р багийн иргэн О.Пунцагийнх сайхан сэтгэлт түмнийхээ тус дэмээр шинэ оны босгон дээр өргөө цагаан гэртээ боллоо.
Тэднийх өнгөрсөн хавар гал түймрийн улмаас орон гэргүй болж, айл айлаар дамжин амьдарч явсан юм. Тэрээр эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэлд өөрийн хөдөлмөрөө зориулан яваа юм байна. Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн дэмжлэг, сум орон нутгийн санал санаачлагыг үндэслэн аймгийн Засаг дарга Ш.Оргил өөрийн нөөц хөрөнгөнөөсөө таван ханатай гэрийн асуудлыг шийдвэрлэж, аймгийн УЗН-ээс бусад эд материалын дэмжлэг үзүүлжээ. Ингээд шинэ оны босго дээр О.Пунцагийн гэр бүл өөрийн гэсэн орох оронтой болж, баяр дээр баяр нэмлээ.