Амьсгалын дээд замын өрөвсөлт, халдварт өвчнөөр нярай хүүхдүүд өвдөх нь их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-28 10:29:20

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт 12 сар гарсаар амьсгалын дээд замын өрөвсөлт, халдварт өвчин нэмэгдээд байна хэмээн хүүхдийн их эмч М.Отгонгэрэл хэллээ. Эл өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн дийлэнх суурь шалтгаан нь цус багадалтаас үүдэлтэй бөгөөд тоосонцорын нөлөөллөөр уушигны салст гэмтэж бөглөрөл үүсэх хандлагатай гэнэ. Цаашид эл өвчин хүндрэл өгвөл татаж унах байдалд хүргэдэг ажээ.  

Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүүхдийн эмнэлэг нь үндсэн 17 ортой бөгөөд нэмэлтээр нийт 40 ор шинээр тавьжээ. Инээд тус эмнэлэгт нийт 0-5 насны 49 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн ихэнх нь 0-4 сартай нярай хүүхдүүд давамгайлж байгаа аж. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь цус багадалттай байгаа нь эхчүүд жирэмсэн үедээ ургийн төмрийн хэрэглээг хангаж чадаагүйгээс шалтгаалж байгаа юм байна. Энэхүү ханиад томууны нэг онцлог нь хүүхдийн хоолой сөөж, ханиалгах, халуурах, найтаах, аахилах, амьсгаадах, хоолондоо дургуй болох цаашлаад унаж, татах явдал гарч байгаа аж. Нярай хүүхдүүдийн амьсгал цэр салстаар бөглөрч байгаагаас хүчилтөрөгчийн дутагдалд орж, унах татх явдал их байгааг эмч хэллээ. Эцэг, эхчүүд хүүхдээ маш сайн асарч, эмчийн бичиж өгсөн эмийг заасан цаг барьж сайн уулгахыг эмч зөвлөж байна. Мөн гэртээ агааржуулалт хийж, чийгтэй цэвэрлэгээг тогтмол сайн хийх, гадуур олон нийтийн газраар хүүхдээ авч явахгүй байх, дулаан байлгахыг зөвлөлөө. Мөн гадуур гарахдаа амны хаалт сайн зүүхийг анхаарууллаа. 

相关新闻