“Moon dance” хамтлаг бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер цол хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-12-27 17:03:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 4 удаагийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын шагналт “Moon dance” хамтлаг өнөөдөр олон улсын хэмжээний мастер цол хүртлээ. Тодруулбал, тус хамтлагийн гишүүдээс Спортын мастер 7, Олон улсын хэмжээний мастер цолыг 15 бүжигчин хүртсэн байна. Монголын бүжгийн спортын холбооноос энэхүү цолыг бүжгийн спортын ДАШТ-ний финалын шалгаруулалтад 2 болон түүнээс дээш шалгарсан хамтлагт олгодог байна. Тус хамтлаг нь ийнхүү Монгол Улсаас анхдагч Бүжгийн спортын олон улсын хэмжээний мастерууд болж буйгаараа онцлогтой юм.

“Moon dance” хамтлаг бүжигчид, менежерүүдээс бүрдсэн нийтдээ 20 гаруй гишүүдтэй бөгөөд Удирдсан багш О.Саранхүү, дасгалжуулагч багш О.Оюунбат нар чиглүүлэн ажилладаг.

Бүжгийн спортын тэмцээн нь хагас финал хүртэлх урьдчилсан даваа ба финал гэсэн хэд хэдэн үе шатаар үргэлжилдэг бөгөөд хамтлаг бүжигчид 6 минутын турш бүжгийн хөдөлгөөний техникийг өндөр түвшинд гүйцэтгэхийг зорьдог аж. 1996 онд гаргасан судалгаагаар хоёр минутын нэг бүжиг гүйцэтгэж байгаа бүжигчний амьсгалын давтамж болон булчингийн хүчлэлийн түвшин нь дундын зайд яваа гүйж яваа, сэлж яваа болон дугуйгаар яваа /энэхүү хугацааны агшинд/ тамирчдын үзүүлэлттэй ижил гарчээ. Бүжгийн спорт бол багийн спорт юм. Баг нь "формейшн" тэмцээнд оролцож буй 16 гишүүн, 8 хосоос бүрдсэн бүжигчид 13 хүртэлх тооны бүжгийн хэмнэл дээр бүжиглэж, паркетан дээр багийн өөр нэг гишүүнтэй харьцангуй байрлах өөрийн байрлалаа тогтмол хянаж зохицуулж байгаа 16 хүний сахилга батад тавигдах шаардлага нь бусад төрлийн спорттой харьцуулахад хамаагүй өндөр аж.

Бүжгийн спортын тамирчид нь маш их тэсвэр тэвчээр, хамт олноороо нэгэн бүхэл болж чин сэтгэлээсээ хамтарч ажиллаж байж амжилтад хүрдэг байна.

Дашрамд дурдахад, энэ жил тус хамтлагийн 5 жилийн ой болж буй юм. Тус хамтлаг нь 2016 онд Герман улсад болсон бүжгийн спортын ДАШТ-д тавдугаар байр, 2017 онд Австри улсад зохион байгуулсан ДАШТ-ий зургадугаар байр, 2018 онд БНХАУ-д болсон ДАШТ-ий наймдугаар байр, Англи улсад болсон “BLACKPOOL-2018” Олон улсын хэмжээний тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч байв.

相关新闻